top of page

Нүүдэл өгүүллэг

Тэр нар гарсан хойно, ямар нэг нохойг сэлмэн эвэрт хөх ухнаныхаа хүзүүнээс дээсээр холбон хөөж явснаа нүд нь жартайж, шүд нь ярзайсан нөгөө нохойг салгаж гэж үйл тамаа үзэж байгаа зовиуртай зүүднээсээ салж сэрэнгүүтээ санаа амран босч гадаа гарчээ. Хотонд хонь бэлчих болоогүй задгай тархан хэвтэж, хавь орчин сэргэг соргог, шинэ нутгийн ахуй орчин чимээ аниргүй налайж байлаа. Жаал хүү зүүдэндээ харсан тэр нохойн жартайсан нүд, ярзайсан шүдийг санагалзан тэр таагүй зүүднээсээ яльгүй сэжиглэж ярвайжээ. Тэгээд хэзээ ч билээ, нэгэн удаа айлынх нь өвгөө, ишиг хургаа ноцсон тэжээвэр гөлгөө, данхар халзан хуцныхаа хүзүүнээс холбон хөөж, нөгөө гөлгөө уурсаж дошгирсон хуцандаа чирүүлэн мөргүүлж, ахиад мал ноцож зуухгүй болтол нь залхаан авсныг санан гагцаар инээд алдав. Тэгэхэд жаад хүү үнэхээр элгээ хөштөл инээжээ. Мал ноцсон нохойг тийнхүү шийтгэж залхаадгыг анх үзэж, хөгтэй ч юм шиг санагдан эг маггүй инээсэн санж. Хожим нь тэр гөлөг нь үнэхээр сайн хоточ болж, мал ноцох нь бүү хэл харж хамгаалдаг болсон авч хуц ухнын бараа харвал үхэтлээ айдаг амьтан болсон ажээ. Жаал хүү тэр явдлыг санан, бас хөөрхий гөлгийг хуц, ухнаар айлган зугаацаж явснаа бодон, өнөө зовиуртай зүүдээ хурамхнаа мартан инээмсрэн зогслоо. Тэр, чөдөртэй морио ойр байгаа эсэхийг болгоон, бас уяатай хоносон хэдэн тэмээ бүрэн байгаа, үгүйг лавлан хараад, эргэхдээ нэг л этгээд юм нүднийхээ буланд өртөхийг анзаарав. Жаал хүү, юу нүдэнд бөртөгнөөтхөв хэмээн лавлан харвал, хар нутаг дээр хаягдаж хоцорсон Харцага нь ирчихсэн нэгэн бутны урд шаравганан хэвтэж байжээ. Энэ явдал ёстой ер буын юм шиг санагдах нь тэр. Тэгээд л гайхах баясахыг хослуулан, – Өвгөө ааваа, Эмгээ Ээжээ! Энээ хараач…. гэж дахин баяртай гэгч нь дуудаад, “нөгөө Харцага чинь хүрээд ирчихэж…” гэж нэмж мэдээлэв. Тэгээд Харцага руугаа жирийн очжээ. Хөөрхий Харцага нь хэн хүний нүүр харах аргагүй гэм хийж, булай тарьсан мэт нүдээ гөлөн гөлөн чавчлан, сүүлээ шарвагануулан юун эрхлэх тоглох манатай, газраар мөлхөн, хормой хотосы нь үнэртэх гэж байгаа ч юмуу, гутлын ул зулаг долоох ч гэж байгаа юм уу, тун ч царайчлангуй загнаж байх нь өрөвдөлтэй байлаа. Гэлээ ч жаал хүү эл ер бусын явдалд баясан, тэр баяраа хуваалцахын мөн болон цаадуулаа бас хэрхэн баярлаж гайхахыг харах гэж дахиад л, Өвгөө, Эмгээ хоёроо дуудлаа. Уг нь жаал хүүг аав нь, Өвгөөгийнхийгөө бууцнаас нь нүүлгэлцэж эрүүл газар буулгаад ир хэмээн ачилганы хэдэн тэмээ туулган явуулжээ. Өвгөөгийнх нь үсэн хонь олонтой, чөдрийн морь төдий айл авай. Өвгөө нь өөрөө суурин байж, хүний өөрийн элдэв юмс дархалж тухлах дуртай, өвөлжөөнөөсөө юм уу, нэг буусан газраасаа яаран нүүдэггүй зантай юм санж. Түүн дээр ачилганы нь хэдэн тэмээ айлын тэмээнд явах тул хэзээ тэмээ бэлэн болсон цагт л сая нэг нүүнэ. Тэгээд л тэр, Өвгөөгийнхийгөө хөглөрсөн бууцнаас нь хөндийрүүлэн нүүлгэлцсэн хүндтэй хүн болж нар гартал унтаад босч байгаа нь энэ санж. Өвгөөгийнх нь зулбасан юм шиг гялалзсан хар үстэй, гурингатсан юм шиг нарийхан хоточ халтар гичийтэй аж. Өвгөө нь түүнээ хонинд дагуулан явах дуртай, намар орой амьтны үс зүс жигдэрсэн цагт үнэг ч хөөлгөх гэж үзнэ. Нэгэн удаа, сайхан халтар шар үнэг хөөж барьсны нь байн байн ярин, гичий нохой айлд юуны хэрэг байх билээ гэсэн хүнд, хоточ Харцагаа хурдны нь гайхан магтаж, өө сэв ойртуулахгүй өмөөрнө. Тэгтэл тэр Харцага нь энэ жил гөлөглөх болчихжээ.

Ач хүүгээ, тэмээ туун ирэхэд нь Өвгөө, Эмгээ хоёр нь “Миний хүү, нүүлгэлцэх гэж ирэх нь энэ үү?” хэмээн ам амандаа өгүүлэн дуу шуу болсон ч хамаг хөхөө сарвайлган, гэдсээ чирэх шахан яваа хоточ халтараа л нүүдэл даах болбуу, яах бол гэлцээд байжээ. Жаал хүү, чингэхэд нь дотроо жаахан дургүй нь хүрч, ганц охины нь хүү ирчихээд байхад, нохойгоо л сүжирхээд юун ч нялуун юм гэж бодоод авчээ. Түүгээр ч барахгүй, хар өтөг халуу дүүгэн ханхалсан хөглөрсөн бууцнаасаа түргэн шиг хөндийрье гэх ч санаа байхгүй мэт аяглах нь юу билээ хэмээн ярвайжээ. Гэлээ ч жаалхүү Өвгөө, Эмгээ хоёроо нүүдэлд төхөөрч үдээс хойш жин гэрт гадаа бөвтнөн, өглөө эрт ачаалан нүүхэд хамаг юмаа бэлэн зэлэн болгоход нь гар нэмэрлэн хөдөлжээ. Хартал, хонь мал нь бууцнаасаа ярган, цулгай газар хэвтэж байхад, өвлийнхөө буурин дээр зуны эхэн сар гаргачихаад, яаж тэсч сууж байна вэ гэж гайхмаар санагдана. Тэгээд ч жаал хүү цагаа олж иржээ гэж өөртөө баяртай байлаа. Гэтэл нүүдлээр юу болсон гээ! Жаал хүү, Өвгөө, Эмгээ хоёртойгоо адилхан нар битүү байхад босч цайлаад ургахын нарнаар гэрээ буулган, хамаг тэмээгээ хомнож амжив. Ачаа ачихын урдаар чөдөртэй морьдоо барьж ирэхээр жаал хүү хазаар аван гүйх замдаа нэгэн гайхалтай зүйл үзэх нь тэр. Тэр дороо цочисхийн зог тусч, хомтой тэмээдийн дунд энэ тэрийнг наажш цааш болгон яваа Өвгөө, Эмгээ хоёроо хань татах гэсэн мэт эргэн харж, ямар ч атугай юу болсныг мэдээлэхээр шийдэв. Тэр, өнөө Харцагы нь гөлөглөчихсөн хэвтэж байхтай нь таарчихжээ. Дөнгөж л саяхан гөлөглөсөн бололтой… Жаал хүү “Очиж очиж нүүдлээр гөлөглөдөг нь ч юу билээ дээ…Энэ ер тээр болдог болбуу, яадаг бол?” гэж бодсноо, эл сонин юм болж байгааг Өвгөө, Эмгээ хоёртоо хандан, – Өвгөө ааваа энээ… Эмгээ ээжээ энээ.. Өнөө Харцага чинь гөлөглөчихөж… гэж хашгиран хэллээ. Тэгээд тэднийг лав уван цуван ирнэ гэж бодон, сая гөлөглөөд байгаа Харцага руу алхам дөхөн гөлөгнүүдий нь тонгойн харжээ. Харцага эздээсээ нуугдах гэсэн мэт, өөрийнхөө хэвтшинд бус, хот бууцнаас хөндий бяцхан ургаа хадны нөмөр шилэн гөлөглөсөн аж. Энэ ч бас жаал хүүд сонин байлаа. Тэгээд, сунан хэвтэх эхийнхээ цавь суганд баацагнан дээр дороо орон язагнах адууны хомоолын чинээ толгойтой хар юмнуудыг их л шохоорхон нүдээ бүлтийлгэжээ. Харцага хоёр хонгор толбо бүхий хөмсөг нүдээ зөөлөн зөөлөн анивчин, бие нь тавирсан янзтай эрүү толгойгоо газар сул тавин дэрлэж, мөд босох шинжгүй хэвтэнэ. Гэхдээ нялх нялзрай зулзагаа хармнах аястай, цагаанаас цагаан шүдээ ярзайлган, сул уруулаа татгануулан архирах бололтой хоолойдоо бүдэг бадаг дуугарах аж.

Жаал хүүгийн цовоо цолгин дуугаар өгсөн мэдээ хоёр хөгшинд төдий л урамтай үг биш байжээ. Тэд адын сонин юм болоод байгааг шохоорхон байгаа ач хүү дээрээ ирсэнгүй,. Харин Эмгээ нь, бургасан сэгсэнд энэ тэр юм эвлүүлж байснаа толгой өргөн, “Цаадах чинь даанч харагдахгүй байсан юм. Тэгнээ тэр. Очиж, очиж энэ нүүдлээр ч юу билээ дээ… Одоо яана даа.. хар нутаг дээрээ хаяад явчихвал амьтан ахан дүүс юу ч гэдэг бол доо? Цаана нь бас амьтны хараал гэж байдаг юм гэдэг…” гэж чанга чаннга өгүүлснээ жаал хүүг мориндоо түргэн яв гэж захирчээ. Өвгөө нь гаанс тамхиа нэрэн цэнхэр утаа савсуулан сууна. Тэгснээ, “Ийм хөө бас байдаг аа…” гэхээс өөр юм дуугарсангүй. Жаал хүү, чөдөртэй мориндоо гүйх замдаа, “Өвгөө аав, эмгээ ээж хоёр ч хоточ Харцагатаа даанч сайн даа… Зулзагы нь сэгсэнд хийгээд ачаад нүүдэг болбуу, яадаг бол? Арай л хаяхгүй болбуу? Нэгэн бол, Эмгээ авч явна, Өвгөө аав орхино гээд маргаж байгаа болбуу? Арай л хэрэлдээгүй байх! Айлын эзэд нүүх буух нутаг дээр муу үг ч хэлдэггүй цээртэй юм чинь…” гэж бодож явлаа. Түүнийг өөрийнхөө зээрдийг зайдлан, Өвгөө аавынхаа хонины хулыг хөтлөн, аанай л “Гөлөгтэй нохойгоо яадаг бол? Нялх хурга ишгийг арагт хөмрөөд ачаан дээр даруулаад явчихдаг даа… Нүүдэл туувар даахгүй хазгар доголон бага малыг бол ачаад ч явдаг… энэ нохойг ер яадаг юм бол?” гэж бодон бодсоор хүрч ирвэл, хоёр хөгшин Харцагынгаа бууцан дээрээ орхихоор шийдчихсэн байжээ. Тэд, өнөө Харцагынхаа гөлөглөсөн газарт, гаднаа нялх хурга ишиг усалдаг модон онгоц дүүрэн цийдэм хийж, нэг хамхархай түмпэнд хярамцагны хог, хатаасан уушиг, борцны хальс, шаргаасан өөхний шимэлдэг сэлт усаар дэвтээн хүнс болгон зэхжээ. Бас гөлөгий нь бүргэд элээ шүүрч мэднэ хэмээн, өнөө хаданд нь урт бургасны үзүүрт муу даавуу уян хатгажээ. Өөр арга байснгүй бололтой. Жаал хүү хар нутаг дээр гээгдэж байгаа Харцагыг их л өрөвдөж байлаа. Түүгээр үл барам эл явдал даанч хайрлах сэтгэлгүй хатуу үйл шиг санагдан, Өвгөө, Эмгээ хоёртоо гомдох сэтгэл төржээ. Гэвч өөр яахын ч арга байсангүй, бас өөрийн чадал мэдэл ч дутан, дэмий л дотроо бухимдан гоморхон байлаа. Тэгээд л нүүлээ. Нүүдлийн ачаатай тэмээд цувран, өвөлжөөний зүүн цохиотой хушуу тойрон, өвгөн хүү хоёрыг хонио хөдөлгөн байхад, Харцага нь оцойгоод суучихсан уйлж байсан уу, ульж байсан уу бүү мэд, жаал хүү нүд хальтраад харж чадсангүй. Тэр лав л өөрийгөө орхиод нүүлээ гэдгийг ухаарсан янзтай, яах эсэхээ мэдэхгүй цөхөж байгаа бололтой харагджээ.

… Өвгөө аав, эмгээ ээж хоёр нь жаал хүүгийн дуудснаар уван цуван гэрээс гарч ирлээ. Хоточ Харцага зөнгөөрөө ямар нэг явдал үүсч байгааг ухаарсан бололтой гийнан, эздийнхээ өмнө байж болшгүй гэм үйлдсэн лугаа нэгэн адил, болдогсон бол, газарт шингээд орчихоор аяглан, навтайхаараа навтайн, сүүлээ шарвагнуулан мөлхөх аядах аж. Анзаарвал, нөгөө томхон шиг хар бутны нөмөр талд хамаг зулзагат нь эхээ эрэн, торгон элсэн дээр үрчлээтсэн хоншоороороо биесээ нудчин, дээр дороо орон өнхөрөлдөж байлаа. Жаал хүү түүнийг харангуутаа бас л дуу алдан, – Энээ хөөе… Хамаг зулзага нь… Хэн аваад ирдэг байнаа? гэж хашгирав. Эл баяр хөөртэй үг ч хоточ Харцагат зэмлэл мэт санагдсан бололтой улам л навтайн, хөхөө чирэн газраар мөлхөн өршөөл эрэн гөлөн гөлөн харах ажээ. Тэр хоёр хөгшнийг ирэхэд бүүр ч сүрдэн хулчийв бололтой, сүүлээ шарвагануулан хулхи нь буусан ажээ. Хоточ Харцага үнэхээр өрөвдөлтэй бөгөөд өхөөрдөлтэй байлаа. Эл бүхнийг өвгөн устанги нүдээ анивчин харснаа, шүд муутай амандаа уулга алдан исгэрэх аядан сийгүүлж уулга алдаад, – Уваа нажид гэж… Тэр холоос нүүдэл хийгээд ирдэг байна шүү… Ангаж хатаж үхэх гэж байгаа вий… гээд шагширч гарав. Жаал хүү баярлаж эхлэв. Тэр ч бүү хэл, хоёр хөгшнийг дуудсанаар нь хүрч ирэхэд, өчигдрийн бөөн гомдол нэг мөсөн гийх шиг болжээ. Эмгээ ээж нь ч эл явдлыг үнэмшиж ядсан янзтай толгой сэгсрэн нүдэндээ нулимс цийлүүлэн, “Уваа, хөөрхий гэж… Хөөрхий гэж…” үглэснээ эргэн гүйж, гэрийн хаяанд байсан модон идүүрий нь дээш харуулж, гэртээ оруутаа цийдэм, хусам дүүргэж авч ирэв. Харцага идүүрийнхээ бараанаар, өнөө л дорой уруу царайтай хэвээрээ эздээ аргадангуй харан харан, хөл дээрээ гуйвлан босч сүүлээ л годгонуулсаар нэгэн хоёр алхаж эхлэв. Тэгснээ, урдаа тавьсан идүүртэй цийдэм рүү дөхөхөд нь, хоёр хөгшин “Харцага минь ид, ид! Цийдмээ долоо!” гэж уралдан өгүүлвээ. Харцага эздийнхээ дуу хоолойноос, ямар нэг зэмлэл шийтгэл хүртэхгүй нь гэдгээ сая ухаарсан мэт болж, нүд нь дорхноо сэргэн цийдмээ пал пүл долоож эхлэв. Жаал хүүгийн сэтгэл ч баяр хөөрөөр дүүрчээ. Тэр, өчигдөр, нүүдлийн туувар тууж явахдаа, Өвгөө аавдаа гоморхон, “Өнөө үнэг гүйцдэг гэж өмөөрөөд байдаг чинь яагаав? Хот малд сайн гэж магтаад байдаг чинь яачихаав?” хэмээн ганцаар үглэн хөөрхий харцагаа өрөвдөн өрөвдөн явснаа ч таг мартаж орхив. Харин, хоточ халтраа хүрээд ирсэнд нь баясан байгаа хоёр хөгшинд улам ч баярлан, гагцхүү зулзага нь яагаад бөөнөөрөө энд хүрээд ирнийг гайхаж байлаа. Тэгээд Өвгөө ааваасаа, – Энэ зулзага нь яагаад энд ирчихээ вэ? гэж асууснаа, Харцгыг хоолоо идэх зуур нь зулзагы нь нэг сайн үзье хэмээн бодож ухасхийв. Чингэхэд нь Өвгөө аав нь нүүр нүдэндээ ямар нэгийг бахархсан мишэл тодруулан, – Өөрөө зөөгөөд ирэхгүй юу! Үхтэл үр гэж энэ вий дээ, хөөрхий… Хөөрхий эднийг авчрах гэж мөн ч их ядраа вий дээ… Эднийг тэр холоос ганц ганцаар нь зууж гүйнэ гэдэг мөн ч их сэтгэл шүү… гэж шагшран хөөрөв. Жаал хүү одоо л учры нь ухаарав. Хоточ Харцага зулзагаа нэг нэгээр нь зуун авчирчээ гэж мэдэв. Тэгээд ч тэр үү, зулзагы нь өхөөрдөн эрхлүүлмээр хорхойсч шохоорхон суулаа. Нохойн нялх гөлөг үнэхээр хөөрхөн ажээ. Хоёр нүд нь тас аниастай хэрнээ утас шиг улаан хэл бултагнуулан хөхөө л эрэх бололтой өнхрөлдөх аж. Хушуу аманд нь хуруугаа хүргэвэл, шиншин үнэртэх янзтай оготор хоншоороо өргөх аядана. Тэгээд, жаал хүү, Өвгөө аваа дэргэдээ ирэн тэднийг тонгойн харахад нь, өхөөрдөл баяслын оч нүдэндээ гялалзуулан, – Хөөрхөн байгаа биз? гэвэл, Өвгөө аав нь, – Ямар л муухай юм аа, монгол хүн ертөнцийн гурван хөөрхөний тоонд оруулаа аж… гэлээ. Энэ зуур, Эмгээ ээж нь хэдүйнээ нэг хомын ширдэгний булан аваад ирчихсэн, Харцагатаа болон гөлгөнд нь дэвсэж өгөхөөр бутны нь сүүдэр талд газар шороо засан байлаа. Тэгээд аанай л гайхаж бахархсан дуунаар, – Энэ нохой ер нь сэргэлэн амьтан шүү… тэр дундаа манай энэ дэндүү гэж яана. Хөөрхий минь нүүдлийн халуун мөр дагаад л харанхуй шөнөөр гэрээ олоод ирж дээ… За яахав, хар нутаг дээрээ орхисон гэж гомдоогүй л бол болох нь тэр… хөөрхийг өрөвдөөд байсан юм… гээд нэг л сэтгэл нь тэнийсэн янзтай гэр рүүгээ хандав. Харцага цийдмээ тухтай долоож чадахгүй, зулзаган дээрээ шохоорхон байгаа өвгөн, хөвгүүн хоёр руу хялалзан байхад нь, эмгэн анзаарч, – -Хөөе та хоёр ядарсан амьтнаа хоолы нь тухай идүүл…гэлээ. Тэр дуунаар Өвгөн, хүү хоёр торгон элсэн дээр бие биеийнийхээ хушуу амыг долоон өнхрөлдөх зургаан зулзагыг орхин гэр рүүгээ хандав. Гэлээ ч жаал хүү эргэн эргэн хармаар байлаа. Одоо үзэхэл, хоточ Харцагын нүд сэргэн, чих босон өнгө зүс гялавхийсэн нь ил байлаа. Жаал хүү сургуулийн ширээний ард хоёр жил суусан ухаандаа, Хүзүүвчийн бууцнаас Аман усны зүүн дэнж хүртэл лав хол арав гарын саахалт зайтайг санан, Харцага маань зуны богинохон шөнө ирэх очихын жар далаад саахалт газар явж дээ гэж тооцон бодож амжив. Энэ зай тийм ч бага биш ажээ. Тийн санах бүр, зулзагаа зуучихсан, нүүдлийн мөр шиншлэн харанхуйн дунд сүүтэлзэн гүйж яваа Харцагын төрх зурс зурс буусаар байжээ. Харин, шинэ нутгийн түрүүчийн зочин буугаад мордоход, энэ гайхамшигтай явдлыг, Өвгөө аав, Эмгээ ээж хоёр нь юу ч үл дуугарахыг гайхан, энэ тухайд өөрийнхөө хэл хичнээн загатнаж байгааг анзааран, даанч бага хүүхэд том улсын ярианд оролцон хөөрөлдөх цээртэйг бодон, арга барагдан байжээ. Гэхдээ гэртээ харианд, аав, ээж, айлын хөгшид настай, үе тэнгийнхэндээ хичнээн сонин юмтай буцах гэж байгаадаа баясаж байлаа.

© С.Дашдооров

1994 оны 1 дүгээр сар

Featured Posts
Recent Posts
Search By Tags
まだタグはありません。
Follow Us
  • Facebook Classic
  • Twitter Classic
bottom of page