Өөрийн учир

Хөдөөгийн хөдсөн дээлтэй бага насаа өрөвдөх юм. Би, 1943-1944 оны хичээлийн жил сургуулийн босго алхахдаа цагаан толгойг нүдэлж, ойр зуурын зүйл уншиж бичдэг байсан ч “шүлэг”, “шүлэгч, найрагч” гэдэг үгийг мэддэггүй байв.

Тэр ч байтугай “утга зохиол, уран зохиол” гэдэг үгийг ч сонсоогүй байлаа. Сургуульд ороод бид шинэ үсгээр амлаж ном эрдмийн шимээс сурах мөр замаа эхэлсэн. Жирийн л үеийн хүүхдүүдийнхээ адил багшийнхаа заасныг мэрийн сурах гэж хичээсэн бага сургуулийн тэр жилүүд хичээлээс гадуур зохиогдох уран сайхны бүлгэмийн хичээл сургуульд орохын хүслэн мөн их оргилдог байж дээ. Нэгдүгээр ангийн хүүхэд гээд эхний жилийг улираасны дээр би ангийнхаа гучин хэдэн хүүхэд дотор хамгийн бага нь, найман настай байлаа. Бусад маань голцуу ес, зарим нь бүүр арван хоёр гуравтай ч байсныг хожим мэдсэн юм.

Хоёрдугаар ангид ордог жилээ нөгөө бүлгэмд нь орох гэсэн чинь биеэр жаахан гэж голоод авсангүй. Гуравдугаар ангид ордог жилээ дахиад зүтгэсэн чинь бас л гологдов. Уншсан шүлгий маань (Унага гэдэг магтаал уншсан юм) хүүхэд бүхэн мэддэг зүйл гээд, дуулсан дуугий минь (Ванлий гэдэг дуу дуулсан юм) том хүний дуу дууллаа гээд голчих нь тэр.

Тэгээд би биеийн тамирын дугуйланд урам муутайхан орлоо. Уг нь сургуулийн хүүхдүүдийн концертонд дуу дуулж, шүлэг уншиж оролцох л гэж бодсон юм.

Сургуулийн танхимд би мэддэггүй олон үгээ мэддэг болж, ном зохиолын амтанд орон унших үзэхийн бөөн хүслэн болсон хүн явдаг боллоо. Заадаг хичээлүүдээс “Үг хөгжил” хэмээх хичээлд нэн дуртай. Тэр хичээл дээр цээжилсэн шүлэг, уншиж тогтоосон үлгэрээ ярьж, мэдсэн оньсогоо таалцахаас аван хөгжилтэй юм болдог байлаа.

Тэр хичээл долоо хоногт ганцхан удаа орон тул хүлээж цөхдөг сөн. Тэр л хичээл надад, шүлэг зохиолыг бичдэг хүн байдгийг мэдүүлсэн юм. Тэднийг уран зохиолч, уран шүлэгч гэдэг болохыг мэдсэн юм. Тэр л хичээл дээр:

Дэлгэрхангай уулын дээр гарвал

Дэлхий юм бүгдээрээ харагдана гэсэн гэнэхэн хонгор хэрнээ инээдэмтэй өхөөрмөөр мөр төрсөн юм даг.

Би уран зохиолын ном л дайралдвал зузаан нимгэн, сайн мууг ялгахын сөхөөгүй уншдаг байлаа. Даанч ном ховор байсан. Өөрийн үзээгүй ямар нэг ном олдвол миний бөөн баяр тэр болдог байлаа. Гуравдугаар ангиа төгссөн зуны амралтаар “Буурал ээж минь”, “Алтан загасны үлгэр”, “Алмасан хууртай хүүхэн”, Цагаан тэмээт Өлзий” зэрэг шүлэг, зохиолыг цээжилчихсэн. Цэвэлсүрэн хоёул (хожим гавъяат жүжигчин дуучин болсон) уралдаан уншдаг болж билээ. Тэдний манайхан айл саахалт зусах…

Тэгээд сургуульдаа ирээд сурагчдын концертонд өнөө цээжилснээ унших гэтэл Цэвэлсүрэн маань илүү уншаад би бас гологдов. Тэгтэл ийм нэг явдал болов. Би сурагчдын концертонд өнөө биеийн тамирын бүлгэмээс хэдэн хүүхдийн хамт “овоолго” хэмээх юм хийж хэд хэд оролцож, уран сайхны бүлгэмийнхэн хэрхэн хичээллэж сургуулилдаг, хэн шинэ дуу, хөгжим, бүжиг заадгийг мэдэж авав. Тэр ч байтугай сумын уран сайханчдын хамт концертонд тоглож ч нийтэд үзүүлэв. Тэдэнтэй нийлж концертын сургуульд хийж үзэв. Гэтэл ахиад шинэ концерт бэлтгэн тоглох болжээ. Эл мэдээ сэтгэлийг их л баясуулан байлаа. Тэгсэн чинь бидний “овоолго” маань тэр концертонд орохгүй болсон тул хэчнээн халагласан гэх вэ? Дэмий л дотроо бухимдан концертын хөтөлбөрөөс гологдсондоо гонсорхон явлаа. Чингээд, өнөө концертонд оролцож байгаа дотно найзаа даган очиж, улаан булангийн аль нэг буланд ч юм уу, вандан сандал доогуур ч юм уу ширээ сэлтийн чанад нуугдан сууж, концертынхны юу хийж, ямар дуу хөгжим бүжиг сэлт сургуулилан байгааг ажин сонирхдог боллоо.

Улаан булангийн эрхлэгч хөх Лувсан гэгч хижээл хар хүн, нэгэн удаа концертынхоо сургуулийг хийгээд тарахад нь нийт уран сайханчиддаа хандан, “Урлагийн нууц” гэж байдаг юм. Та бүхэн нэн ялангуяа хүүхдүүд ямар дуу хөгжим, бүжиг шүлэг, сургуулилалж байгаагаа аав ээж, ах дүү, найз нөхөд, хавь ойрынхондоо нэг ч үг цухуйлгаж болохгүй. Боловсроогүй юмыг гадагш дэл сул ярьж болдоггүй юм! Мэдэв үү!” хэмээн захив. Тэгээд хүүхдүүдээс “Мэдлээ” гэсэн хариу авч тараав. Би, тэр үгийг дуулаад, маш нууц юм сэм үзэж байгаагаа анзаарч орой болгон тэр концертын сургуульд сэм ирж нуугдан үздэг боллоо.

Гэтэл нэг орой, томчуулын яриаг сонсвол, хэн нэг хүн бичсэн зохиолоо унших тухай чих дэлслээ. Би, хэн гэдэг хүн ямар гэгчийн зохиол бичээ юм бол? гэж бодон, түүнийг мэдэхийн хорхой цээжиндээ асаав. Уран сайханчид хүүхдүүд өнөө л концертынхоо хөтөлбөрийн дагуу ганц хоёр лааны гэрэлд давтан давтан сургуулилсаар сая нэг тарах юм болов. Хүүхдүүд ч яваад өгөв. Би нэлээд нууцгай газар орж шигдсэн тул намайг хэн ч анзаарсангүй. Тэгтэл улаан булангийн эрхлэгч, сумын дарга, намын үүрийн дарга тэргүүтэй хэдэн хүн нэгэн том ширээ тайзан дээр тойрон, дундаа хэд хэдэн лаа асаан суув. Гэтэл сумын эвлэлийн үүрийн дарга Содномдорж өврөөсөө зузаан дэвтэрт бичсэн зүйл дэлгэн уншиж эхлэв. Би, лаа тойрон суусан хүмүүсийн сүүдэрт нуугдан чагнаж гарав.

Тэр хүн жүжгийн зохиол бичжээ. Гол өгүүлэмжийг өгүүлбэл: Эхний үзэгдэлд л хөдөөгийн нэгэн сумын худалдааны агентынд хоёр холын танил нь ирж, ойрдоо уулзаагүйгээ ярин, архи дарснаас нь аван өөрсдөө ууцгааж, нөгөө агентаа ч дайлж байх юм. Сүүлдээ хэдүүл согтох ажээ. Өнөө агент бүүр ч их согтоход нь нөгөө хоёр хүн түүнийг цохин унагааж, худалдаж байсан бараанаас нь даахаараа аван явах юм. Тийн тайз эзгүйрч байтал нэгэн худалдан авагч агент амь хорлогдсоныг мэдэж эл аймшигт явдлыг сумын захиргаанд мэдүүлэхээр явах юм. Хоёрдугаар үзэгдэл нь хотын зах дээр өнөө агентыг хоосолсон хоёр хүн ховор бараа наймаалан олон төгрөгтэй болж байх юм. Тэгтэл хоёр гурван цагдаа ирж үнэмлэх сэлтий нь шалган, тэднийг нэр усаа солин нуугдаж, наймаа панз хийж яваа хүн амины хэрэгтэн болохыг илрүүлж байгаагаар төгсөв.

Би харанхуйн дунд эл зохиолыг чих тавин сонсож, бас зохиолыг хэн нэг сайд дарга нар шиг хүн бичдэг зохиодог болов уу гэж бодож байсан минь эндүүрэл байжээ гэж ухааран, Содномдорж гуайг бишрэх сэтгэл төрөв. Тэгээд өнөө сонсон агч хүмүүс юу гэхийг чагнав. Тэдний нэг нь “Манай энд ийм явдал болоогүй тул ийм юм тоглуулах хэрэг байна уу?” гэв. Өөр нэг хүн улс төрийн талаар алдаа байна уу, үгүй юу гэдгийг би их анхаарч сонслоо. Тэр талаар гайгүй юм шиг байна. Гэхдээ, дээрэмчдийг ийнхүү үзүүлснээр тэдэнд муу арга зааж өгч байгаа юм биш биз! Тэгвэл ч улс төрийн талаар том алдаа болно шүү” гэж ярив. Сүүлд нь намын үүрийн дарга үг хэллээ. Тэр “Нөхөр Содномдорж ийнхүү уран зохиол туршин бичиж байгаа нь сонин байна. Гэвч жинхэнэ уран зохиолч хүн биш учраас алдаж эндсэн зүйл байж магадгүй. Тэр тухайд нөхөд зүйтэй ярилаа. Тийм учраас энэ жүжгийг тоглохоо азная. Аймаг орноос жүжгийн талаар мэргэжилтэнтэй хүн ирэх нь үү, яах нь вэ, хүлээзнэе. Харин энд байгаа уран сайханчид бусаддаа ийм зохиол хэлэлцсэн, хаасан тухай үг алдуузай. Үүнийг намын үүрээс хатуу анхааруулж байна. Нууцыг хадгалах ёстой гэж ярих нь тэр. Тэд тэгээд тарав. Улаан булангийн эрхлэгч, Содномдорж гуай хоёр л урамгүйхэн үлдэв. Би ч тэдэнд үзэгдэж харагдах вий гэж нуугдан гарч зайлах нь тэр. Харин жирийн хүн жинхэнэ зохиолч болж болдог байна гэж ухаарч авсан билээ.

Хавар боллоо. Бид төгсөж ангийн улсын шалгалтанд бэлтгэж байлаа. Нэг өдөр ангийнхаа сурагч Хоролсүрэн хоёулаа нийлж хичээл давтах юм болов. Эхлээд жаал хичээлийн тэмдэглэл дэвтрээ уншиж байснаа сүүлдээ энэ тэр элдвийн юм ярьж сатаарав. Би дөрөвдүгээр анги төгсөөд цаашаа сургуульд явахгүй бол том болоод шилийн сайн эр болохыг бодно. Сургуульд явбал жолооч юм уу, зохиолч болохоо ярьж, найздаа нэг их худлаа яримаар санагдаад ирэв. Тэгээд “Би нэг жүжгийн зохиол бичсэн юм” гээд Содномдорж гуайн зохиолыг өөрөө бичсэн мэтээр ярьж, зохиолын өгүүлэмжийг аан, уун орхилгүй хөөрлөө. Хоролсүрэн найз маань сонирхож байна гэдэг жигтэйхэн. Тэгэхлээр нь бичсэн зохиолоо улаан булангийн эрхлэгч, намын үүрийн дарга, сумын дарга тэргүүтэй өнөө зохиол уншихад байсан хүмүүсийн нэрсийг тоочин тэд нарт уншсан юм. Тэд сонин зохиол байна. Сумын улаан буландаа тонлуулна гээд яг таг болж байтал, аймгаас нэг нөхөр ирээд хаачихсан юм. Чи энэ тухай бусдад яриузай. Маш нууц юм шүү. Намын үүрийн дарга, хэлтсийн төлөөлөгч хоёр надад энэ нууцыг хадгалахыг хатуу сануулж, бусдад ярихгүй гэсэн ам авсан юм. Чи миний энэ нууцыг задлав аа гэж захилаа. Найз маань ч найзын ёсоор нууцыг хадгална гэж ам өгөв. Хоролсүрэн хэлсэн амандаа хүрсэн байлаа.

Гуч гаруй жилийн дараа тэр амаа нээсэн юм. Юу гэвэл бага сургууль цуг төгссөн бидний арав гаруй хичээл улс “Нэг ангийн хүүхдүүд” хэмээн нэгэн удаагийн сумын наадмаар аминчирхан уулзацгаав. Бөөн шуугиан, инээд тохуу, дурсамж дуртатгал хөвөрч байлаа. Өнөө уулзаагүй зарим нь намайг зохиолч, яруу найрагч болсон учрыг гайхан, нөгөө нь авъяастай хүн сайхан юм гэж шагшиж байв. Гэтэл, Хоролсүрэн маань “Өө энэ чинь дөрөвдүгээр ангид байхдаа зохиолч болно гэдэг байсан юм. Тэр ч бүү хэл, тэгэхэд нэг хөөрхөн жүжгийн зохиол бичээд сумын уран сайханчдаар тоглуулах гэсэн нь, сумын дарга нар жинхэнэ зохиолч хүн бичээгүй юм даа гээд хаачихсан юм билээ” гэж ярив. Би ч тэр жүжгийн тухай таг мартчихсан байна. Тэгээд “Үгүй ээ, тэгэхэд би худлаа ярьсан юм. Тэр жүжгий чинь хожмын зураач Содномдорж гуай бичсэн юм. Би түүний бичсэнийг бичсэн болж ярьсан юм” гэсэн чинь мань хүн үнэмшдэггүй. Харин “Үнэнээ нууж байна” гэж зүтгэх нь тэр. Би яаж ч тайлбарлаад бүтсэнгүй. Мань хүн ч миний ярианд лут үнэмшсэн байж. Гэтэл тэр нэг нь “Говийн өндөртөө” чи хүн цүлхдүүлсэн байдаг шүү. Ухаан нь хамар Жамбаа гэж эгэл нэгнийг гаргууд панзчин болгож бичсэн байна лээ гэв. Би палхийж гайхав. “Хамар Жамбаа” гэж бодит хүн байдаг юм уу? гэвэл “Байхаар барах уу” гэцгээв. Би их л тав алдав. Уг нь тийм нэртэй хүн байдаггүй гэж бат итгэж байв. Уг нь зохиолыг бичиж байхдаа яагаад ч юм, сонин нэр бодож оллоо хэмээн олзуурхан бичсэн нь тэр.

“Говийн өндөр…Энэ романы тухайд уншигчид, утга зохиол шинжээч судлаачид шүүмжлэгчид ам бузгай байдаг юм. Уг нь би өөрийн мэддэг ус нутгаа түшиглүүлэн, хөдөөгийнхний аж амьдрал, хөдөөгийн хүмүүсийн дүр төрхийг үзүүлэхийн ялдамд, хөдөө хотынхны аж төрлийг үзүүлье дээ гэж бодож бичсэн юм. Гэтэл манай нутгийнхан зохиолын зарим баатруудыг тэр, энэ гэж нэр тохон ярьцгаадаг юм билээ. Уг нь таних мэдэх хүний дүр төрх ааш араншингаас ямар нэг хувь хүртээсэн нь үнэн атугай ч гол нь бодож зохиосон дүрүүд билээ. Мангар Дамдинг “Энэ чинь би байгаа юм” гэх хүн ч байдаг юм. Хэдий Дамдингийн амьдралын зарим нэг явдал хувь хүний үйл амьдралаас нь авсан ч атугай зохиомол л юм.

Даанжуур ч гэсэн…Луу хэмээх Ганжуур гуайн зарим явдлыг Данжуурт шингээн, бодит хүнээс нь өөр дүр бүтээхийг хичээсэн юм. Гэтэл Ганжуур гуай бүх романд өгүүлсэн өгүүлэмжийг өөртөө хамааруулан ярьдаг хөөрдөг болсон байлаа. Цогзол гэдэг нэр, Чанзал гэдэг хүний нэртэй төстэй тул тэр хүнийг оноон ярьдаг ч болсон авай. Уг нь “Тэнэг Дамдин, хөөрхөн Дулмаа” гэсэн хошин аяс бүхий өгүүллэг бичих гэсэн санаа минь яван явсаар роман болж орхисон юм. Тэр өгүүллэгийн өгүүлэмж гэвэл, Дамдин хэмээх хөдөөгийн залуу хотод ирж, Дулмаа хэмээх хотын хүүхэн хөдөө очиж хөглөсөн хоёр хүний паянг л үзүүлье гэж бодож байсан юм. Тэр санаа минь яван явсаар өөрчлөгдөж, Мангар гэж хочлогдон хүний гар хурууны үзүүрт бусдын ажлыг хийн яваа хөдөөгийн эгэл залуу Дамдин, танхай гэж адлагдан яваа Базаржав зэрэг дэл сул хүмүүс амьдралд өөрийн байр суурьтай болж, өөдөлж дээшлээсэй гэсэн санаа давамгайлсан нь магад. Харин хөдөө нэгдэл үүсч байгаа, хотод их барилгын ажил өрнөж эхэлж байгаа зэрэг үйл явдал бол, ард түмний маань туулж ирсэн нэгэн цагийн түүх юм. Тэр түүхт үйл явдалд хүмүүс хэрхэн оролцож хэрхэн ухаарч, хэрхэн нуруун дээрээ үүрч ирсэн нь уран зохиолд дүрслэгдэх л зүйлийн нэгэн гэж боддог болой. Нөгөөтэйгүүр амьдралд дэл сул явсан хүмүүсийн дэгжиж өөдөлсөн зам мөр янз янз байдаг ажээ

Би өөрөө ч гэсэн уран бүтээлчийн зам мөрөө олтлоо бас л нэгэн хүүхэд наснаасаа ихийн их хүсэл мөрөөдөл өвөртөлсөн дэл сул хүн явж дээ.

Гагцхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ахмад үеийн нөмөр нөөлөгт орж уран бүтээлчийн эдлэвэл зохих шаналан сурах, мэдэхийн хичээл туурвиж бүтээхийн ээдрээсэлтээс шантраагүй маань зол болжээ.

Ай цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ? Анхны шүлэг зохиол хэвлэгдсэн 1952-1953 он, анхны ном, түүвэр гарсан 1958е1958 он, сурагч ахуйн цагаас хүсэн мөрөөдсөн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн босго алхсан 1958 оны дурсгалт намар, өөрийнхөө авъяас чадьарыг нээсэн оюутан ахуй цаг, ахмад болон үе тэнгийн зохиолч, яруу найрагчдын царай зүсийг анх харж учирсан өдрүүд, заримтай нь дотночлон үерхэж явсан жилүүд эдүгээ надаас холдон дурсамжийн зэрэглээт талын бор толгод лугаа тодрон алслан байгааг санахад уярлатай бөгөөд дурсгалтай ажээ.

Тэр бүхэн миний зохиолч болох замд таарах, дайрах хувь тавилан байж дээ.

1995 оны 5 дугаар сар.

#дурсамж

Featured Posts
Recent Posts