Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч
Сормууниршийн Дашдооров
Ном уншина гэдэг том сургууль
Залгамжлагч сэтгүүлийн 1983 оны 2 дугаарт хэвлэгдсэн төрийн шагналт зохиолч С.Дашдооровтой хийсэн ярилцлага
–Манай уншигч хүүхдүүд хайртай зохиолчийнхоо хүүхэд ахуй насны амьдрал, хүсэл мөрөөдлийг их сонирхдог. Та ямар хүүхэд байсан бэ? Бодоход сонирхолтой жаал байсан болов уу?
-Говь талын малчны хүүд гойд сонирхолтой юм юу байх вэ? Хөдсөн дээр хөлбөрч, адсаган дээр атиралдан торниж, балчир наснаасаа малын хөлийн тоосонд орж, ишиг хурга хариулан, ээж аавын гар хурууны үзүүрт хөдөлж явж дээ. Харин тавтайдаа номхон морины нуруун дээр гарч унаа унаж сурсан, долоотойдоо амы нь хагалсан даага унаашруулж эхэлсэн дээ. Энэ ч хөдөөгийн хүүхэд болгоны л хийдэг ажил жийдэг дөрөө шүү дээ.
-Бага дунд сургуулийнхаа үеийн тухай ярина уу? Ямар нөхцөлд хэрхэн сурч байв?
-Дэлхийн хоёрдугаар дайны гал ид өрвөлзөн шатаж байхад буюу 1943 онд бага сургуульд орсон. Сургуулиас тавьж өгсөн тал харандаа, хоёр дэвтэр мөн ч ховор нандин зүйл байж билээ. Хагас жил түүнийг хэрэглэж, эрдэм номын эхний үсэг тэмдэглэж, тоо бодож эхэлсэн юм. Тэгэхэд юм ховор байжээ. Тэр дундаа бичгийн хэрэглэл, дэвтэр харандаа, үзэг бэх нүдний гэм гэхээр байлаа. Гэвч сургууль, багш нар маань сургах л ёстой юмаа сургаж, сурагч бид ч сурах юмаа сурч авсныг хожим сайн мэдсэн юм. Харин дунд сургуулийн жилүүдэд өөр. Дайн дуусч сайн сайхан цаг ирлээ гэж хүн бүхэн баярлаж бахархсан цаг байв. Ховор юм элбэгшиж, байдал өөр болсон байв. Сурч мэдэх гэдэг хүнээсээ л шалтгаалах болоод байсан даа.
-Багадаа зураг зурдаг байсан гэж үнэн үү?
-Зураг зурах мөн ч дуртай байж билээ. Тэр дундаа морь…эмээо хазаартай морь, уул ус, айл мал…Будгийн харандаа, усан будаг бийр сэлт миний багад даан ч олдохгүй. Олдвол, бөөн хөөр баяр. Хэрэв будаг бийр элбэг байсан бол, цаас будаг багагүй л зовоох байсан байх аа. Өөртөө л зураач байж дээ.
-Хамгийн анхны зохиол тань юу вэ? Хэдэн настайдаа юуны тухай бичив? Яагаад түүнийг бичих болов? Ер нь зохиолч болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Хамгийн анх, бага сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа, үг хөгжлийн хичээлийн даалгаварт, хавханд орсон туулай уургалаад, морин дээрээсээ хуу татуулан унах шахаж байгаа нэг хүний зургархуу юм зураад, дор нь баахан толгой холбосон юм бичиж ирсэн. Багш түүнийг үзээд, учиргүй инээснээ, “Дүрсгүй нөхөр шүү” гэхэд нь хичнээн айсан гэх вэ? Болдоггүй юм хийчихсэн юм болов уу гэж бодож байтал, “Танайханд ерөөл магтаал хэлдэг хүн бий юу” гэж асуув. Би “Ээж л дуу дуулдаг. Тийм хүн байхгүй” гэвэл, “Чи чинь шүлэг гайгүй цээжилдэг бил үү?” гэснээ “Дүрсгүй нөхөр” хэмээн цаанаа нухацтай толгой сэжлэн байдаг. Тэр зүйл миний анхны зохиол байж дээ. Дунд сургуульд байхдаа, том том нэр гарчигтай, гэнэн гэнэн шүлгэрхүү юм бичсээр л байв. Утга зохиолын бүлгэм цугларахад юм л бол түүнээ унших гэж ангалзаж байсан юм. Тэгэхэд уран зохиолын ном унших дуртай байлаа. Шүлэг зөндөө цээжилдэг. Харин үзсэн юмаа дууриах дуртай байсан. Тэгэхээр цээжилсэн шүлэг, уншсан ном, үзсэн кино, жүжиг, сонссон үлгэр тууль л нөлөөлж таарсан байгаа биз дээ.
-Та нэг хэсэг багш байсан. Сурган хүмүүжүүлэх ажил уран бүтээлд танв хэрхэн нөлөөлсөн бэ? Багш байсан үеийнхээ дурсамжаас ярина уу?
-Багш хүн хичээлээ сонирхолтой заах, үг хэл цэгцтэй байх ёстой гэдэг. Би энэ зарчимд “үнэнч” байхыг хичээдэг байлаа. Хичээлээ сонирхолтой заахын сацуу, сонирхолтой юм хүүхдүүддээ хэлж ярих юмсан гэж сэтгэл загатнана. Хүүхдүүд юу их сонирхож байна вэ гэж ажина. Дуу зааж, шүлэг цээжлүүлнэ. Энэ бүрхэн ямар нэг хэмжээгээр миний хойшдын уран бүтээлд нөлөөлсөн байх аа.
-Манай уншигчид шүлэг өгүүллэг их бичиж байна. Тэдэнд мэдээжээр зөвлөлгөө хэрэгтэй. Ер нь зөвлөөч гэж хүсэцгээдэг. ЭХлэн бичигчдэд юу хэлмээр байна?
-Гол нь уншлага…Ном сайн уншиж, зохиолыг үйл явдлыг мэдэхийн сацуу зохиолчийн “уран дархны” ажлыг мэдэрч ухаарахыг хичээх хэрэгтэй.Ухаан нь зохиолч ямар дүрээ ямар дүр дүрслэл, хэл хэллэгээр дүрслэн өгүүлж вэ гэдгийг ажин мэдэж авч гэмээнэ, бичих зохиох ажилдаа өөрийн үгээ хэлэх нууцыг нээж авна.
-Таны хамгийн хайртай багш хэн бэ? Яагаад хайрлаж явдаг болов?
-Би ер нь багш нараа дандаа хүндэтгэж явдаг хүн. Тэр дундаа, утга зохиолын багш нараа бүр ч их хүндэтгэн хайрлаж байдаг. Тэд, намайг утга зохиол, зохиол бүтээл номд хайртай дуртай болгож, улмаар энэ хэр өөрийн хувиас оруулах өчүүхэн бүтээлийн минь анхны харгуй замыг засч залруулсан ачтан гэж биширч явдаг юм. Бас, дунд сургуульд тоо физик зааж байсан Гомбодоржийн Сосор багшийг их л хүндэтгэж байдаг юм. Багш маань, “Гэнэн шүлгээ” уншин, зөвлөлөгөө авах гэхэд анзаарах ч үгүй “Тоо бод” хэмээн алгебрийн тэгшитгэл, геометрийн теорем батлах даалгавар өгдөг байлаа. Түүний нь бодчихвол, шүлгий маань тоох болов уу гэж өгсөн даалгаврыг нь бодсоор байгаад нэг мэдэхнээ тоонд тийм ч муугүй болж, хүндхэн шиг бодлого бодох хорхойтой болчихож билээ. Хожим бодвол багш маань бичиж зохиол, шүлгээ бодож хийж сургах сургууль хийлгэж байжээ. Сайхан юм шүү, өндөр халамж анхаарал шүү. Одоо харин багш нар маань миний хийсэн бичсэн зүйлийг үзээд ер юу гэж боддог бол гэж айж эмээж л суудаг юм.
-Энэ 1983 он бол сурагчийн жил. Хүн бүхэн сурагч-багачуудын төлөө сайн сайхан бүхнээ хийж бүтээж байна. Та өсвөр үеийнхэндээ зориулан юу туурвиж байна вэ?
-Ахмад үеийнхний хөдөлмөрч дайчин уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бид бүхний үүрэг юм. Мний хувьд гэвэл, манай шинэ үеийн утга зохиолыг үүсгэн байгуулагч Дашдоржийн Нацагдоржийн кино зохиол бичснээ дэлгэцнээ гаргах бодолтой байна. Нацагдоржийн үйл амьдрал, шинэ саруул сайханд тэмүүлсэн бадрангуй сэтгэл, шинэ үзэл санаа, ард олноо сайн сайхан руу дуудан уриалсан зохиол бүтээл, манай хүүхэд багачуудын бахархал байх ёстой гэж бодож байна.
-Хүүхэд ном их уншиж байна. Гэвч уншихад учиртай гэдэг. Ер нь номоос юуг нь эрж уншвал зохилтой вэ? Энэ талаар зөвлөнө үү?
-Унших гэдэг том сургууль. Ном жинхэнэ ёсоор нь уншиж сурна гэдэг номтой нөхөрлөхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүний насны нэгэн бахархалтай ажил юм. Гол нь багаасаа өнгөц уншлагаас л хөндий байж сурвал сайн зам.
-Та олон кино зохиосон. Хүүхдийн кино бүтээж байна уу гэж уншигчид асуудаг?
-Одоогоор хүүхдийн кино зохиол бичээгүй байна. Гэхдээ Нацагдоржийн тухай “Саруул талын ерөөл” кино маань хүүхдэд хамаатай гэж бодож байна. Д.Нацагдорж хүүхдэд хайртай хүн байжээ. Тэр ч байтугай, пионер багачуудын анхны байгууллагыг байгуулж, дуулах дуугий нь зохион, өмсөх хувцасны нь үлгэр загварыг хүртэл хийлцэж, залуу хойш үеийнхний төлөө хичнээн сайн сайхан санаа бодол өвөрлөн хайрлаж явсан хүн байж вэ? Энэ тухай хүүхдүүд маань уг киноноос үзэж мэдвэл бас л тустай гэж бодож байна.
-Хүүхдийн зохиолын чанар чансааг юу гэж үздэг вэ? Цаашид юуг анхаармаар байна?
-Манай хүүхдийн утга зохиол мэдэгдэхүйц амжилтад хүрч байна. Одоо бага балчир, өсөх насны хүүхдүүд өөр өөрийн номын сантай болжээ. Энэ сайхан хэрэг. Харин хүүхдийн утга зохиолын тухай түүний чанарын тухай яриа томчуудад хамаарна. Аав, эжий, багш, сурган хүмүүжүүлэгчид, зохиолчид, үр хүүхэддээ уран бөгөөд ухаантай зохиол бүтээлд дуртай болгон хүмүүжүүлэх, туурвихад нэгэн санаа тавин ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон зохиол бүтээлийн тухай, харилцан санал бодлоо солилцож алдаа доголдлоо арилгаж байвал, эх орны ирээдүйн иргэдийн сурлага, хүмүүжил, ажил үйлсийн урт дардан замд сайн сайхан явахын өлзий дэмбэрэл болно.
-Та ямар хүүхдэд хайртай вэ? Хүүхдийн ямар чанарт дуртай вэ?
-Хүүхэд хаана байна, тэнд баяр баясгалан, өхөөрдөл хайр байдаг. Ер нь хүүхэд болгонд л хайртай. Хүүхдийн цовоо цолгин хөгжилтэй сэргэлэн хирнээ эелдэг даруу зоримог хэрнээ үнэнч шударга, сониуч хэрнээ эвсэг ажилсаг зан ааль сэтгэл татсаар байдаг.
-Манай уншигчдад хэлэх үгийн тань сонсъё.
-Сайн сайхан сэтгэл, саруул гэгээн эрдэм хоёрыг өмчилж болдоггүй гэсэн эртний үгийг санаж явахад гэмгүй. Түүнчлэн юм мэддэг гэж өөртөө эрдэн мэдэмхийрэх, өөрийгөө хэт голж олноос гээгдэх, бусдыг басан голох, нэрэлхэх явдлаас болгоон бодож яваарай. Чингэвэл ажил амьдралд тань тустай.