Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч
Сормууниршийн Дашдооров
Намтар
Сормууниршийн Дашдооров нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шорвогийн хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн билээ. Дэлгэрхангайд бага, Мандалговьд дунд сургуулийг дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж, багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж 1969 онд төгссөн.
1971-1980 онд Монгол кино үйлдвэрт ерөнхий редактор, 1980-1982 онд Батлан хамгаалах яаманд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, 1983-1995 онд утга зохиолын “Цог” сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг хийж байв. 1969 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1975 онд төрийн шагнал “Говийн өндөр” туужаар авсан бөгөөд 1997 онд Ардын уран зохиолч цол хүртсэн билээ.
Бага сургуульд байхдаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 16 наснаасаа шүлгээ хэвлүүлж эхэлсэн юм. Шүлэг, яруу найргийн зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол бичсэн. Анхны өгүүллэг нь 1956 онд хэвлэгдсэн “Сэргэлэн багачууд” гэдэг өгүүллэг байлаа. Үүний дараа “Шинэ сурах бичиг”, “Алтан хараацай”, “Өнчин цагаан ботго”, “Боролзой хөвүүн” зэрэг хүүхдийн зохиолууд хэвлүүлсэн.
Уран зохиолын амтанд орж, зохиол бүтээлээ зөвхөн шүлэг, өгүүллэгээр хязгаарлалгүй тууж, роман, найраглал, жүжиг, кино, дуурь зэрэг бүх төрлөөр бүтээл гаргаж байснаараа ховор онцгой авъяас билигтэн байлаа.