top of page

Уран бүтээл

 

1.Шүлгийн түүврүүд:

Миний ард түмэн (1965)

Говийн магтаал (1966)

Талд татсан солонго (1967)

Хүлэг (1972)

Тал бид хоёр (1979)

Монгол (1981)

Миний нутгийн алаг толгод (1983)

Ерөөл дагуулсан зам (1985)

Цагийн хур (1990)

Мөнгөн шөнийн анир (1997)

 

2. Өгүүллэгийн түүврүүд:

Талын гэрэл (1956)

Дайны жилийн алим буюу сургуулийн зээрд (1960)

Улааран байгаа тэнгэрийн хаяа (өгүүллэг, найруулал, тууж) (1967)

Энх улирал ханхлахад (1981)

Хөдөөгийн мөнгөн сар (1987)

Бидний хорвоо (өгүүллэг, тууж, кино ) (1991)

Нуур нуурын шувууд (1990)

 

3. Туужууд:

Өндөр ээж (1967)

Талын цуурай (1968)

Холын цэнхэр уулс (1968)

Айлын хүүхэн Алигэрмаа (1969)

Улаан гэрийн Юндэн (1971)

Саруул талын ерөөл (1984)

Урт намар

4. Роман:

Говийн өндөр     1-р дэвтэр (1961) 2-р дэвтэр (1970)

Дуут хонгор манхан

5.Найраглал:

Өглөө (1957)

Хүлэг (1967-68)

Монгол

Орос тосгон (1970)

Гүн Галуутай (1971)

Ам цагаан хулгана жил (1980)

Казбек (1981-82)

45 оны намар (1981-1982)

Миний сулин хээр (1982 )

Тангараг (1982)

 

6. Кино бүтээл:

Талын цуурай

Өндөр ээж

Эх бүрдийн домог

Нар хиртсэн жил

Хайрхан өндөр хаана байна (Чехословак улстай хамтран)

Тэнгэрийн муухай арилдаг

Их замын эхэнд

Саруул талын ерөөл

Чимгээгийн төрсөн өдөр

 

7.Видео кино:

Алаг тууж (1996 ) (Д.Төрбаттай хамтарсан)

8. Дуурь

Амарсанаа ( Зохиолч Д.Намдагтай хамтран)

Марко Поло

Ариунзул

 

9. Дуу

Анхны хайр (Мартагдашгүй намар киноны дуу)

Хөдөөгийн баясгалан киноны дуу

Зам дээр хаягдсан цэцэг

Таны оюун билгийн мэлмийд бид аавынхаа буюу Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч С.Дашдооровын зохиол бүтээлээс хүргэж буйдаа туйлын баяртай байна.

Аав маань Говийн өндөр роман, Өндөр ээж тууж, Хойтон жилийн наадам шүлэг, Монгол найраглал, Бууж мордох хорвоо үгүүллэг, Нар хиртсэн жил кино зэрэг Монголын урлаг, уран зохиолын ертөнцөд сонгодог бүтээлийг туурвиж бүтээжээ. Эдгээр бүтээлийг та бүхний гарт дахин хүргэх ажил удаан дуншсны эцэст ийнхүү гурван боть болж гарч байна.

Эдгээр ботиудад зохиолчийн олонд хэдийн танил болсон бүтээлээс гадна урьд өмнө хэвлэгдээгүй, олны хүртээл хараахан болоогүй шүлэг, өгүүллэг орсон. Тэр дунд “Айлын хүүхэн Алгирмаа” туужаа зохиолч сүүлд засварлаж үлдээсэн бөгөөд энэхүү сүүлийн хувилбарыг ботьд орууллаа.

Бидэнд мэргэжлийн болон сэтгэл санааны харамгүй туслалцаа үзүүлсэн төрийн шагналт зохиолч Дарамын Батбаярт гүн талархал илэрхийлье.

 

 

Аян замын ерөөл

 

(Бууж мордох хорвоо ботийн өмнөх үг)

 

“Хургатай хонь эзнээ бүчин налайж ирсэнээ эргэн тогтож, сүү нялх ногоо хоёрт бойжиж махалсан хурга шиг зүггүйтэн бөөн хадан дээр үсчин гарч биеэсээ хөөн тоглонгуут зөнгөөрөө яваа хурга ишигийг өдөн дөтөөхийг нь өхөөрдөн баясав” хэмээх энэ мөрүүд бол удахгүй таны унших гэж байгаа “Бууж мордох хорвоо” үгүүллэгийн дотор байдаг мөрүүд. “Монгол хүн ямар нэгэн яаруу тулгуу ажил хэргээр явж байх зам зуурт нь халуун хошуут хонин сүрэг юм уу, адуу мал дайралдвал бэлэгшээн явдал хэрэг сайн сайхан бүтэхийн өлзий дэмжэоэл гэж үздэг” Энэ мөрүүд ч мөн тэнд байдаг мөрүүд.

Эрхэм таныг уншин таалахаас тань өмнө зарим мөрийг нь дундаас нь сугалан номын өмнөтгөлд авчирч байгаагийнхаа учирыг өчсү.

Ном зохиол уншина гэдэг бол ухаан сэтгэл билиг билгүүний замд гарч байгаа үйл. Чухам энэ учираас энэ сайхан номыг унших аян зам тань өлзийтэй байх болтугай хэмээн эзэнээ бүчин налайж тогтсон хонин сүрэгийн билэгдэлээр таны овуны их замыг мялааж байгаа мялаалгын мөрүүд болохыг болгоон соёрхон ажаамуу. Аян замын энэ ерөөлийг мөхөс би бус монгол ардын эрхэм уран зохиолч Сормууниршийн Дашдооров талбиж байгааг энэхүү номын хөтөчийн төдий үүрэг бүхий миний бие сонордуулсу.

Энэхүү ботид орсон үгүүллэг туужнууд бол С.Дашдооровын бүтээж туурвисан үгүүллэг туужуудаас миний бие оюуны сав суулганыхаа хамжээ багтаамжаар сорчлон авсан шилмэл түүвэр төдий зүйл. С.Дашдооровын өв сан арвинтай зохиолч. Урлаг уран зохиолын бүх л төрөлөөр туурвидаг байсан төдийгүй нэг төрөлөөр хэдэн арван бүтээл туурвисан зохиолч.

Энэ их арвин сангийн эрдэнэсийг олны хүртээл болгох цаг айсуй гэдэгт итгэнэм. Нөгөө гэвэл энэхүү ботид орсон үгүүллэг туужийн талаар хувийн шальдар бальдар үнэлэмж дүгнэлтээ уншигчдад тулган хүлээлгэх гэсэн юм шиг “энэ нь ийм, тэр нь тийм” хэмээн илүү үглэхээс би зайлсхийв. Энэ маань хаа хаанаа хожоотой явдал биз ээ. Харин энэ сайхан номд өмнөтгөл бичих завшаан олдсон дээрээ С.Дашдооровынбүтээн туурвисан зохиол бүтээлийнх нь тухай бус бүтээн туурвина хэмээн ярьдаг байсан зохиол бүтээлийнх нь тухай хэд гурван жишээ дурдсу.

Оросны нэр цуутай сургууль болох М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч бахдаа өвөлийн амралтаар ирээд 1969 оны 1 сарын 4-нд

-Би нэг өнгө олсон. Чухам тэр маань болж байна, уу үгүй юу. Хамагийн гол нь биднүүс бусадыг хэтэрхий биширчихээд, бусадын ам харж сурчихаад өөрийгөө сонсдоггүй. Өөртөө байгааг зоригтой нээдэггүй л байна… Бүр тийм нэг өнгө гарт баригдаад байх боллоо” гэж билээ. С.Дашдооровын тэр өнгө бол “Хүлэг” найраглал, хийгээд “Дэнсмаа”, “Хаа холоос аав чинь хаварыг дагуулж ирдэг сэн”, “Ус усандаа багтана”, “Байц цохио баясан инээх юм” зэрэг цуврал шүлгээ бичсэн өнгө. Энэ өнгө бол тухайн тэр цагт монголын зохиолчидын олж харж чадаагүй байсан жинхэнэ монгол зохиолын өнгө байсан юм. 1970 онд С.Дашдооров эмнэлэгт хэвтээд гарч ирээд гэртээ байхдаа 4 сарын 8-нд:

– Сонин сонин, хачин хачин юмнууд хийгээд байх юм сан. Ухаандаа би ийм нэг сонин юм хийх гэж бодох юм. Нүдний тухай. Нэг нөхөр нүдний тухай бичиж байтал нь нэг хүн хулгайчийн нүд ийм тийм байдаг. Тийм нүдтэй хүн ийм тийм гээд ярих юм. Эндээс нөгөө нөхөр одоо би хүнтэй уулзахаасаа зовдог боллоо гэсэн шүү ухааны юм бичих юм гэж билээ.

С.Дашдооров иймэрхүү юм маш их ярьдаг сан. 1971 оны 1 сарын 23-ны Ням гаригт намайг тэднийд очиход С.Дашдооров “Улаан гэрийн Юндэн” туужаа радиогоор сонсоод сууж байв. Тэр өдөр надад

-Шинэ тууж бичих санаатай, Эхлэж ч үзлээ. Нэг хачин тууж. Ингэж эхлэж байгаа юм. “Эхнэр маань намайг ерөөсөө тоохоо больжээ” гээд л эхлэх юм. Миний үг бусад хүнд үнэтэй. Гэтэл эхнэр бол үл тооно. Ажилынхан маань намайг биедээ арчтай гэнэ. Эхнэр болохоор үгүй гэнэ… гэхчилэн бичих юм. Зарим хэсэг нь бодогдоод инээд хүрээд байгаа юм гэхэд нь би

– Энэ туужаа хурдхан бичээд хэвлэх гэж байгаа туужнууд дээрээ нэмчихээч гэхэд Дооров,

– Үгүй. Тэр туужууд тэр чигээрээ гараг. Тэгээд хаагдаг. Одоо нэг өөрөөр эхэлнэ. Тэр аясаар бичихгүй” гэж билээ.

Энэ бол С.Дашдооровын урлаг уран зохиолд баримтладаг үндсэн зарчим нь юм. Бүтээл туурвил бүхэндээ ямагт шинэ байхыг эрмэлздэг байсаныхаа хүчинд түүний зохиол бүтээл бүхэн шинэ байдаг. Харин шинэ юм хийдэг түүний арга бусадынхаас эрс өөр. 1971 оны нэгдүгээр сарын арван гурванд С.Дашдооров:

-“Өөрөөсөө зугтаж явах хэрэгтэй. Өөрөөсөө зугатана гэгч маань эрэл гэгч чинь юм. Өөрөөсөө зугатахын тулд ямагт морио сольж унах хэрэгтэйг зарим нь мэдэхгүй эрэл хийж байгаа нь энэ гээд хуучин морио давичаад байх юм” гэсэн сэн. Марташгүй сайхан үг. Тийм ч болоод тэр үү С.Дашдооровын нэг зохиолыг уншчихаад, нөгөөг нь уншихаар сүрэгийн дундаас шилж барьж авч унасан морь шиг хазаар даран галгиулдаг юм.

Танд ч гэсэн орчин цагийн унааширсан хуучин морио юүлж, С.Дашдооровын шийр цагаан хүлэгт эмээл тохон мордож Дэлгэрхангай уулан дээрээс харагдах дэлхийн юмсыг сонирхон галгиулж сэтгэл оюуны цэнгэл амсах болтогуй хэмээн эрхэм уншигч таны эмээлийн тань дөрөөг С.Дашдооровын өгөөмөр нинжин сэтгэлийн сүүгээр мялаая.

 

Буян ерөөл орших болтугай.

 

Дарма Батбаяр

2012.3.12

bottom of page