top of page

Маамыг дурсахуй

 

Маам маань ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Би Маамын тухай юу юу мэдэх, хүмүүст Маамын тухай юу юу ярьж чадахсан билээ гэж бодлоо. Өгүүлрүүн:

 

Нэгэн мянга есөн зуун тавин хоёр он дөнгөж гараад байлаа. Тэр орой Багшийн сургуулийн хана дагуулсан хэдэн эгнээгээр тавьсан вандан сандал дүүрэн багш сурагчид зээглэн сууж халуу дүүгэж байсан. Энд Улсын гавъяат жүжигчин, Чойбалсангийн шагналт Цогзолмаатай уулзах уулзалтын үдэшлэг ид дундаа явж байлаа. Нэгэн удаагийн бүжгийн дараа мөнөөхөн дөрвөлжин талбайд цэрэг маягийн судалтай саарал даавуун өмд цамц гялалзтал арчсан торгон савхин гутал жийсэн жаал хүү гарч ирэв. Тэр яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн “Эх” гэдэг шүлгийг уран сайхнаар уншиж гарав. “Гурван уут урдаа барьсан гуйлагчин” явсан эхийнхээ өрөвдөлтэй амьдралын тухай дурсан бичсэн шүлгийг танхим даяараа амьсгаа даран сонсож, зарим уяхан нэгний нь нүдэнд нулимс цийлэлзэн байв. Тийнхүү олныг байлдан дагуулсан тэр хэвлүүн хүү маань манай Маам байлаа. Тэр тийн уран уншигчаар цоорон гарч билэ. Би бас л шүлэг цээжилж уран унших дүртэй байлаа. Тэгээд ч тэр үү бид хоёр ханьсан үерхэж насан туршийн анд сайн нөхөд болсон юмсан. Би уран уншигч хүн шүлэг бичих ёстой гэж найзаа ятгах… Ухаан нь өөртөө бас хань татаж байгаа хэрэг… Маам миний ятгалгад төдий л дуртай буй, өөртөө итгэж ядсан янзтай хариу өчнө. Маам бусдаас нуун шүлэг бичиж байгаа нь илэрч миний баяслыг дэврүүлэх нь тэр. Хоёулаа бүүр ч дотносон, бичиж тэрлэснээ бусдаас нууцгайлсан аятай тохьтой буланд уншилцаж шүүцгээнэ. Сүүлдээ зохиолдын хороо гэдэг газар шүлэг зохиолыг баталдаг газар одоогийн Спортын ордны зүүхэнтэй айлын үургааг хашаанд байдгийг мэдэв. Хожим мэдвэл, тэр нь зохиолч Ц.Зандраагийн хашаанд амь хүнээс худалдаж авсан сууцны бяцхан байранд  байсан юм билээ. Хаврын нэгэн өдөр хоёр гурван шүлгэн дээрээ “Батлав.МЗХ” гэсэн дугуй тамга даруулан гарахдаа хэчнээн их баяр хөөр болж байсан гэх вэ? Түүнээс “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд өгсөн нь төдөлгүй Маамын шүлэг түрүүлэн гарч бас л баяр хөөр. Дараа нь минийх ч гарлаа. Маам маань “Би сайн математикч болох байсан юм. Чи л уран зохиол ру уруу татаад ийм нэгэн болгочихсон шүү” гэж гомдол мэдүүлдэг байв. Үнэхээр ч сайн математикч болох ч байсан байж мэднэ. Гэлээ ч түүнийг зохиолч болсноор алдаагүй гэж санадаг. Маам хэзээний этгээд зантай юм шиг загнадаг сан. Ер нь л этгээдлэх дуртай байсан. Тавиад оны дундуурсан. МЗЭ-ийн хороо, залуу зохиолчдын анхны номыг гаргах болж, хэн хэний ямар ном хэвлүүлэх тухай шийд гаргасан юм билээ. Тэдний дунд Маамын нэр орчихсон, мань хүн ч бөөн баяр хөөр болон номоо шаргуу бэлтгэж байлаа. Өөдтэй гэсэн хуучин шүлгээ засч, дээд сургуулийн орос хэлний анги төгсгөж байгаа хүний өндөрлөгөөс бичсэн шүлгээ шилж сонгож байлаа. Гэтэл, юу болсон гэж санана.

 

Нэгэн өдөр хэвлээд шилжүүлэх завдаж байсан номныхоо эхийг үртэс болтол нь ураад түлчих нь тэр. Дарьганга нутаг, оюутан сурагчийн хичээлийн танхим болон суудаг байр, хадланчдын өвсөн овоохой, задгай түүдгийн дэргэд төрсөн шүлгүүд хэрхэн агшинаа утаа болон замхрав? Миний гайхан гонсойсон гэж юу гэх вэ. Тэгтэл мань хүн инээд алдан Михайл Лермонтовын шүлгийн нэгэн номыг харуулан “Энэ ном шиг болж чадахгүй юмыг устгахаас яах вэ?” гэж билээ.  Тэр зун Маам маань дээд сургуулиа төгсгөн үнэмлэхээ өвөртлөсөөр нутагтаа багшлахаар явчихлаа. Чингэхэд нь найз маань ингээд шүлгээ бүрмөсөн хаяж байгаа юм биш биз дээ гэж бодсоор хоцоров оо би. Тэгсэн нь хоёр жилийн дараа “Сүүлчийн захидал” нэртэй уянга туульсын найраглал аваад ирэх нь тэр. Юутай ч их баярласан гэх вэ. Бүсгүй хүн, хөөрхөн сайхан төрөхийн жаргал зовлонг хөндсөн, тийм найраглал бичнэ гэдэг бас л этгээд бөгөөд уран бүтээлийн эрэмгий зориг гэхээс өөр юу гэлтэй. Энэ найраглал нь хэвлэгдэн гармагцаа уншигч, залуучуудын сонирхон уншдаг номын нэгэн болж дорхноо л номын худалдааны лангуун дээрээс үзэгдэхээ больж номын сан бол хавтас нь ноолорсон байдаг болсон сон. Маам энэ найраглалаараа нэгэн үеийн зохиолч найрагч нөхөд дундаа цоорч дахин төрснөөр барахгүй уншигчид түүнээс шинэ уран бүтээл горьдон хүлээх болсон билээ.

 

Тун удалгүй Маам маань хөдөөнөөс хотод шилжин хүүхдийн хэвлэлийн газар редактор болон намын шагналаар гэрийн тавилга худалдан авч, хамаатныхаа нэг өрөөнд төвхнөн суулаа. Гэтэл ахиад л этгээд зан нь хөдөлж олон улсын харилцааны сургуульд явахаар шийдэн хөл болох нь тэр. Мань хүн ГЯЯ-нд ажилтай нэгэн ангийн найз нь араб хэл сурвал сургуульд явах боломж байна гэсэнд өнөө эрэмгий зориг нь хөдөлжээ. Тэгээд л явчих нь тэр. Түүний шинэ уран бүтээл, орчуулгын сураг алдран чимээгүй болов. Таних мэдэх хэдэн нөхөд нь дурсах төдий үлдэв. Зохиолчдын эвлэлийн хорооны зарим удирдах хүмүүс Маам гэдэг найрагч байдгийг мартсан байлаа. Энэ зуур Маам маань Москвад ОУХ-ны дээд сургуулиа төгсгөн Каир хотноо Монголын элчин сайдын яамны орчуулагч болчихсон гялалзаж байлаа. Тэр л жил нь юм даг. Маам Каираас буцаж явахдаа Москвад сурагч надтай уулзсан юм. Дипломат болоод уран зохиолоо хаяаа болбуу гэж бодсон нь эндүүрчээ. Тэр маань эх орноосоо алс байж нутаг санах өвчин тусан “Тэмээний тухай дууль”, “Хоёр хар буурын туурь”, “Орлойн энгэр” зэрэг маш сонин зохиолууд бичсэн байлаа. Түүнээ хэвлүүлж ахиад л цооров. Цоорох цоорохдоо үргэлжилсэн үгийн зохиолын төрөл зүйгээр цооров. Мартагдах шахсан хүний нэр магтаал талархалын бай болов. Энэ бол Маамын уран бүтээлийн хоёр дахь түрлэг байлаа. Цаг хугацааны хувьд авч үзвэл “Сүүлчийн захидлаараа” шуугиулж ирсэн он жилээс хойш арваад жил улирсан байлаа… Дараагийн он жилүүдийн бас л эг этгээд зан, эрэмгий зоригоо сорьсон он жил байлаа.

 

Маам ШУА-д очиж, дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан юм. Тэгээд ч аанай л зорьсондоо хүрч түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан билээ. Энэ нөр их ажилд хэчнээн их цаг заваа зориулсан гэх вэ. Гэтэл уран бүтээлээсээ хоцорсонгүй. “Газар Шороо” туульсын дөрьөн дэвтэр романаа уншигчддаа барьж олныг шуугиулсан нь чухам л энэ ахархан хугацаанд билээ. Энэ бол Маамын гурав дахь түрлэг байлаа. Тэр роман бичиж монголын утга зохиолд гуравдахиа цоорох нь тэр. Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, утга зохиол судлаач Ц.Хасбаатар, Маамын нэгэнтаа “Газар Шороо” романы тэргүүн дэвтрий нь уншсан эсэхийг лавлаад “Би энэ романы тухай шүүмж бичнээ” гэж байсан юм. Тэгээд нээрээн ч ярьж байсаараа эхнээс нь аваад дуустал магтсан шүүмж бичиж нийтлүүлсэн байдаг билээ. Энэ бол гурав дахь түрлэгийн хүчин чадал, цар хүрээ, уран чадварын нь үнэлэлт байлаа. Маам маань эх орон, газар шороондоо үнэхээр хайртай хүн байлаа. Тэр хайр нь л дөрвөн дэвтэр романы өгүүлэмж, баатруудын дүр, санаа бодол, омгорхол тэмцэл, хэл хэллэгийг цогцлуулсан. Нөхрийн тухай өчүүхэн энэ таталбартаа Д.Маамын зөвхөн уран бүтээлийн зам мөрийг мэдэхийн хэрээр хөндлөө. Маам маань “Далавчгүй намайгаа дээд тэнгэрт нисгэж байсан, дөрвөн их онгодтой явнаа би” гэж Цагийн салхи романыхаа төсгөгөлийн шүлгэнд бичсэн байдаг юм. Үнэхээр тэр далайн түрлэг мэт уран бүтээлийн гурван их түрлэг хийхдээ дөрвөн их онгодтойгоо явсан нь цагийн салхинд элэгдэшгүй бүтээл нь өгүүлнэ биш үү. Өлзий буян орших болтугай.

 

С.Дашдооров

bottom of page