top of page

Багын дурсамж

 

Намайг 1935 оны 3 дугаар сарын 7-нд төрсөн гэж тэмдэглэдэг. Сар өдөр нь ойролцоо.
Аав маань 3 дугаар сарын 9, харин ээж маань 7 гэж маргадаг байсан. Харин он нь 1936 он байгаа юм. Нэгэнт 1935 он гээд явчихсан учир үүгээр л яваа. Миний ээж намайг монгол маягаараа монгол гэртээ араг түшин байж гаргасан бөгөөд би тэр үеийн монголчуудтай адил хөдсөн өлгийнд өлгийдүүлж, сүүл хөхөж өссөн бүлгээ. Гэхдээ ээжийнхээ мээмийг хоёр нас хүртлээ хөхөж байгаад дүүгээр гарахаар дүүд өг гээд ээжийн мээмийг хөхөхөө больсон билээ. Манай ээжийг Даш гэдэг байсан. Аавыг Сормуунирш гэнэ. Энэ нэр Монголд ганц байгаа гэхэд хилсдэхгүй байх аа. 13 дугаар Далай лам Монголд ирээд говь нутгаар явж байхад миний аав өлгийтэй байж. Өвөө эмээ түүнд мөргөж адис аван миний аавд нэр хайрлахыг гуйтал “Далай лам Хүүе энэ чинь миний багшийн сүнс байна” гэж ихэд билэгшээж Сормуунирш гэж нэр өгье гэжээ. Тэр Далай ламын багш нь 24 хуруутай хүн байсан юмсанж. Сормуунирш гэдэг нь төвдөөр 24 хуруут гэсэн үг бөгөөд миний аав үнэхээр гартаа хоёр, хөлдөө хоёр илүү хуруутай байсан юм. Би аав ээжийнхээ анхны том хүү юм. Доороо ганц охин дүүтэй. Би одооны Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шорвогийн овоо гэдэг газар төрсөн бөгөөд Дэлгэрхангай уулын бараа сүндэрлэнхэн харагддаг газар аа. Говьдоо энэ уул алсын бараатай, өглөө өдөр орой өөр өөр өнгөтөй харагддаг юм. Бахархмаар уул. Дундговийн аль ч хэсэгт орой нь харагдаж байдаг уул. Ямартаа би бага ангид анхныхаа шүлгийг бичиж эхлэхдээ Дэлгэрхангай уулаас дэлхийн юмс харагдана гэж бичсэн байхав. Үнэхээр энэ уулан дээрээс би алсыг харахдаа тэр алс өөд зүрх минь тэмүүлж байсан мэт санагдана.

Манайх гэдэг айл

Манайх дунд чинээний хөрөнгө малтай айл байсан бөгөөд азарга адуу хоёр, хонь ямаа нийлээд 100 гаруй байсан болов уу. Арваад гүү, хориод тооны морьдыг нэг азарга адуу гэнэ. Харин 10-аад тооны тэмээтэй байсан. Манай эцэг эх Монгол ёс журмыг сүрхий баримтладаг хүмүүс байлаа. Шашин шүтлэгийн хувьд эцэг маань бурханд шүтдэг, эх маань шашин шүтлэг барагтай хүн байсан. Миний хувьд малчны ёс журмыг баримталж өссөн дөө.

Хэлмэгдэл манайхны ах дүүсийг алгасаж өнгөрөөгүй юм билээ. Бага байхад манай аавын хамаатныг бариад явсан чигээрээ алга болсон гэж ярьдаг байсан. Бидэнд тэр талаар мэдэгдэх нь бүү хэл нэрийг нь ч дурсар нь цээртэй байсан учир нарийн мэдэлгүй өнгөрчээ.

Нэгэнт би малчны гэрт өссөн тул малын ажилд хөдөөний бусад хүүхдүүдийн адилаар нэлээд зүйлийг хийж, сурч байсан. Хонь мал хариулах, ундлах услах бол ердийн хийдэг ажил байлаа. 5 наснаасаа номхон морь унаж сурч, томрох тусмаа цаашилбал эмнэг даага сургадаг байв. Манайх сайхан морьдтой байсан бөгөөд би морины дэлэн дээр хийсэж явсан хөдөөний баньд нарын нэг байлаа.

Амь гарсан түүхээс

Би багадаа гурван удаа үхлийн ирмэг дээр очоод буцсан аж. Намайг өлгийтэй байхад нэгэн зун аав ээж хоёр усанд угаачихаад гэрт орон дээр нүцгэнээр нь бүтээлгээр хучиж тавьцчихаад гадаа хонь хяргаж байгаад орж иртэл би орон дээрээ байдаггүй гэнэ. Яав ийв гэтэл орны араар бүтээлгэндээ битүү ороон өнхөрсөн байжээ. Аваад хартал царай цагаан, амьсгаа байхгүй байж. Тэд сандран тэврэх дэвхцэн орилолдон байтал гэнэт час хийн уйлж эхэлсэн байна.

Дараа нь хоёр ой орчимтой байхдаа юу ч мэдэхгүй хүүхэд морины хөл рүү орж духандаа өшиглүүлж, хагарч их цус алджээ. Ямар ойр эмнэлэг гэж байх биш, ардын аргаар цус тогтоон боож барьж. Тэгээд дажгүй өнгөрсөн байгаа юм. Одоо миний духан дээрх гүн сорви тэгж тогтсон билээ.

Гуравдахь удаагаа дөрвөн настай байхдаа өвлийн эхэн сард нэг өдөр алга болжээ.Мал юутайгаа ноцолдоод намайг анзаараагүй улс орой тийшээ намайг үгүйлж эрж гарч. Ойр хавьд байдаггүй. Хөршийнхөнтэйгээ нийлж морьтой улс тал тал тийшээ шөнө болтол хайгаад олсонгүй. Маргааш өглөө нь гэгээ ормогц дахиад эрэлд гарчээ. Гэтэл айлын нэгэн эмэгтэй бутны ёроолд үс хийсэхийг хараад очтол би хөдсөн дээлтэй бөндийгөөд бутны ёроолд амьд унтаж байжээ. Тэгээд аваачаад л ардын аргаар гэсгээх үйлдлүүдийг хийсэн байна. Ганц хуруу ч хөлдөөгүй байгаа юм. Тэр их үс хөлдөхөөс хамгаалсан гэж ярьдаг юм.

Сургуульд мордсон минь

Би анх 1943 онд сургуульд орсон. 3 дугаар ангид байхдаа хоёр гурван сар сумынхаа сургуулийн дотуур байранд сууж үзлээ. Тэгэхэд гэрээ их санадаг байв. Сургуулийн маань байшинг “ногоон байшин” гэж хэлдэг байлаа. Тухайн үедээ энэ л сумандаа ганцхан байшин байсан тул ордон мэт л санагдаж байсан юм даг. Тэгээд л би шүлгэндээ ногоон байшин гэж бичсэн байдаг юм.

Манай нутагт Равжир дархан гэдэг хүн байлаа. Миний ээжийн эцэг Самдан ч бас сайн дархан байсан. Тэднийг зохиолдоо дүрсэлсэн нь багагүй. Багадаа үлгэр домог, хошин шог их шохоорхон сонсдог байж. Хүн ирж хоновол үлгэр ярьдаг уу гэж асуудаг, үлгэр ярьж өг гэж гуйдаг байлаа. Аав надад доголон гөрөөсний үлгэж гэж сайхан үлгэр ярьж өгдөг байсан юм. Би Тоорой бандийн домгийг 6-7 настайдаа сонссон юм. Хүүхэд байхдаа баатарлаг явдлуудыг ихэд сонирхдог, сүүлдээ учир шалтгааныг олох гэж мэрийдэг болсон. Би бага ангийг Дэлгэрхангай сумандаа дүүргээд аймгийн төв Мандалговьд дунд сургуульд орж түүнийгээ 51 онд төгссөн. Тэнд сургуульд байхдаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Дараа нь говьд 10 жилийн сургууль байгаагүй тул хот орохоос өөр замгүй байв. Ийнхүү би мөн ондоо хотод орж ирсэн юм.

Оюутан эр болсон минь

Багшийн сургуульд 1951-55 онд сурч монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшсэн. Л.Түдэв бид багшийн сургуульд хамт сурч байхдаа дотны найзууд болсон юм. Л. Түдэв, яруу найрагч М.Цэдэндорж бид гурав тусгай найз нөхөд болж бие биенээ “гишүүн” гэж нэрлэж байлаа. Энэ нь нэг бүлгийн гишүүд гэсэн утгаар. Бид гурав бие биенээ өөрсдийн төрсөн нутгаа үзүүлнэ гэж амалсаны дагуу би тэдний нутагт (тэд хоёул Говь-Алтайнх) зочлон очиж, Цэдэндорж манай нутагт зочлон очиж билээ. Түдэв дандаа дарга хийж явсан тул очиж амжаагүй юмдаг.

Би багшийн сургуульд сурдаг байхдаа бас л факттай байлаа. (Факт гэдэг нь адал явдлууд гэсэн үг юм даа) Коммунист намын түүх заадаг Наранцацралт гэгч багшийн хичээл дээр би шүлэг бичээд сууж байсан чинь нэг өдөр багшид баригдаад, ийм чухал хичээл дээр шүлэг бичнэ гэнээ гэж загнаж, тэрнээс хойш хичээлд орж ирээд намайг хичээлээс хөөдөг боллоо. Хичээлд орж ирээд л юу түрүүнд л “Дашдооров байна уу?” гэж асуудаг, тэгэхээр нь би “байнаа” гээд юмаа аваад гараад явчихдаг боллоо. Ийм байдлаар хагас жил хичээлд суусангүй. Гэсэн ч би хичээлийг нь өөрөө бие дааж уншсаар байгаад хагас жилийн шалгалтаар сайн дүн авсан. Түүнээс гадна тэр үед бүжгэнд их орно. Одооныхоор бол диско юм даа. Бүжгэн дээр зодоон нүдээн гардаг, би тэнд нь ханцуй шамлаад л ороод явчихдаг. Дараа нь хүүхдүүдийн зодооны тухай ярихдаа “нэг хүн сэлээд л гараад явчихсан. Тэр хэн байв аа?” гэлцэхэд нь би байсан болохоор өөрийгөө мундаг гэж боддог. Би тэгэхэд ер нэлээд аархуу байсан байгаа юм. Хөдөө хээр адуун дэлэн дээр давхиж явсан хүү хот газар ирээд уран сайханд явдаг, тэшүүрээр гулгадаг, боксын тэмцээнд ордог байсан. Бид багшийн сургуульд байхдаа “Байцаагч түшмэл” гэдэг жүжиг тавьж байлаа. Дээр дурдсан фактуудаас болоод 1 дүгээр семестрийн дараа “Энэхүү Дашдооров нь багшийн сургуульд сурлагаар тэнцсэн хэдий ч сахилгаар тэнцээгүй тул хөөсүгэй” гэсэн тушаал уншуулж хөөгдмөгц шууд нутаг буцлаа. Хөдөө гарч малаа хариулдаг боллоо. Гэтэл багшийн сургуулийн захирлаас сургуульдаа эргэн суу гэсэн сураг авч эргэн сургуульдаа орж суралцсан юм.

 

bottom of page