top of page

Ажлын гараа

 

Багшийн сургууль төгсөөд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн бага сургуульд багшаар томилогдон тэнд очиж багшилсан бөгөөд тэр нь утга зохиолын мөр хөөх гэсэн үнэлгээтэй байлаа. Түүгээр барахгүй нэгэн өвөл Төв аймгийн төвд багш нарын бага хуралд намайг оролцуулахаар явууллаа. Тэнд суучихаад буцахдаа сургуулийнхаа багш нарн сарын цалин, шинээр баригдах барилгын урьдчилгаа мөнгө 18 мянган төгрөгийг аваад ир гэсний дагуу аваад явлаа.

 

Өвлийн жин хүйтэн цаг юм даг. Мөнгөтэй шуудагаа үүрэн Төв аймгаас машинаар хот ороод тэндээсээ галт тэргэнд сууж явлаа. Сургуультайгаа урьд нь ямар галт тэрэгний цэг дээр бууж хүнээр тосуулахаар тохирлоо. Ингээд галт тэргэнд суугаад явахдаа үйлчлэгч эмэгтэйд намайг тухайн цэг дээр очихоор сэрээгээрэй, би бууна гэж хэлчихээд унтлаа. Залуу хүн бөх гэгч унтаа биз. Нэг мэдсэн эмэгтэй, “хөөе нөгөө газар чинь боллоо” гэж байна. Хурдхан шуудайтай мөнгөө аваад буулаа. Галт тэрэг ч яваад өглөө. Буугаад хартал нэг л мэдэхгүй зэлүүд газар. Гэтэл буух газраасаа дутуу бууснаа мэдлээ. Тэгээд гүн харанхуйд шуудайтай мөнгөө үүрээд алхчихлаа. Замд айл хунараар ч орсонгүй. Зогсолтгүй алхалсаар сумандаа хүрч захирлындаа очиж мөнгөө тушаасан юм. 24 километр газар тийм их мөнгөтэй дэн өвлийн шөнө ганцаараа амар мэнд очсон би магтуулан сайшаагдлаа. Намын гишүүнд элсэх гээд би орлогч болсон байсан чинь намайг хугацаанаас нь өмнө жинхэллээ.

 

1959 онд би Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар очсон. Монголын зохиолчдын хороонд нэг жил ажиллачихаад тийшээ явсан хэрэг. Тус сургуульд явахад Д.Сэнгээ гуай тусалсан. Тэр намайг “Чи угаасаа зохиолчдын хороонд ажиллах хүн, нэг жил ажиллаад үз” гэж зам мөрийг минь гаргаж өгсөн хүн. Би багаасаа шүлгээр утга зохиолын ажлаа эхэлсэн, шүлэгтээ ч дуртай, одоо ч шүлэг бичих сонирхол минь хэвээрээ байдаг. Гэлээ ч Д.Сэнгээ гуай “Энэ сургуулийг хүмүүс яруу найргаар дандаа төгсөж байна. Чи үргэлжилсэн үгийн зохиолч болж төгсөж очихыг бодоорой” гэсэн юм. Би тухайн үед бас хэдэн өгүүллэг биччихсэн байсан. Сэнгээ гуайгаас нууж шүлгээ бичдэг байсан. Харин уг сургуулийг төгсөж чадсангүй. Шалтгааныг дор дурдсу.

 

Тэр сургуульд орос хэл мэдэхгүй харанхуй амьтан очсон хэдий ч өөрийн хичээл зүтгэл болон багшийн идэвхтэй туслалцааны ачаар хоёрдугаар ангийг сайн төгсгөөд нутагтаа иртэл намын төв хороон дээр дуудлаа. Засгийн газрын ордонд намын хянан шалгахын орлогч дарга Цэнд гэдэг хүний өрөөнд ортол надтай ерөөсөө үг дуугаралгүй ширээнийхээ нүдийг онгойлгоод нэгэн бичиг гаргаж ирснээ, май унш гэлээ. Хартал тогтоол байна. Би омголон байсан ч үе юм. Тэр тогтоолыг сайн ч уншаагүй. Лав л зөвлөлтийн эсрэг гэсэн үгс байсан санагдана. Тэгээд тэрээр сүртэй дуугаар “ойлгомжтой биз дээ” гээд явж болно гэлээ. Ингээд хувьсгалт намын гишүүнээс хөөгдөж байгаа хэрэг. Гол шалтгаан нь Халимагийн зохиолч Давид Кугультиновыг алгадснаас болсныг би мэдлээ. Тэрийг яагаад алгадах болов гэвэл намайг өвөл амралтаараа ирээд юм уу түрүү жилийн намар сургуульдаа буцаж очиход Ц.Дамдинсүрэн гуай түүнд надаар захидал өгч явуулсан юм. Би захидлыг нь Кугультиновт өгөхөд нэг их тоомсоргогүй хүйтэн хүлээж авахад нь дургүй хүрч байсан юм. Ер нь ч тэгээд би нэлээд үндсэрхэг үзэлтэй хүн байсан. Тусгаар тогтносон Монгол улсын зохиолч надад Орост аргаа барж ирээд амьдарсан монголын цустай энэ хүн аж төрж байж ингэж ихэрхэх юу байсан юм гэсэн санаа төрж байсан байх. Тэгээд нэг удаа халчихсан нийтийн байрандаа явж ортол түүнтэй дайралдахад алгадаад авсан юм. Дараа нь тэр их л шуугиан тарьсан байсан. Тэгээд тэр өөрөө дээш матсан юм уу бүү мэ, би тийм маар хөөцөлдөж явдаггүй учир өөрөө бараг мартсан байсан. Тэр явдлаас болж ийнхүү намаас хөөгдсөн юм. Тэр явдлаас хойш тэр хүнтэй уулзалдахгүй байж байгаад зохиолч Сандагаа бид хоёр монголын зохиолчдын төлөөлөгчөөр 1964 онд ЗХУ-д очлоо. Пятигорск хотод олон зохиолчид нэг машинд хамт явцгааж байсан. Хүмүүс шүлгээ уншцгааж эхэлсэн. Тэнд Кукультинов явсан юм. Бид хоорондоо дуугардаг ч үгүй. Тэрээр дорнын нэг орон өдөр нь тас нууж, шөнө нь мөргөдөг юм байдаг (Чингис хааны хөшөөг хэлж байсан юм) гэсэн үгтэй шүлэг уншлаа. Тэгэхээр нь би тэнэг шүлэг гээд хэлчихсэн чинь тэрнээс хойш хүмүүс шүлгээ уншихаа зогсчихсон. Кукультинов тэгэхэд маш зэвүүн харж билээ. Түүний нэг шүлэг дараа нь нэг газар хэвлэгдчихсэн явсаан. Хожим 1970-аад оны сүүлчээр монголын зохиолчдын хорооны дарга байсан Наваансүрэн гуай бид хоёрыг эвлэхүүлэх оролдлого хийсэн юм. Нэг ч их эвлэрсэн юм байхгүй дээ. Би бас монголын зохиолчдын бүрэлдэхүүнд ороод 1980-аад онд Халимагт зочилоход Кукультинов биднийг угтаж авч байсан. Уулзаж учрахдаа намайг магтах янзтай байсан. Ийм л юм болсон юм даа.

 

1960 онд сургуулиас татагдаад зохиолчдын хорооны мэдэлд шилжсэн юм. Тэнд хийх ажил байсангүй. Байлгаагүй ч юм уу хэн мэдэхэв. Тиймээс би Өмнөговь, Дундговийг хариуцсан зохиолчдын хорооны төлөөлөгчөөр томилогдсон юм. 3 жил тэгж байхдаа хөдөөгийн залуу зохиолчдыг дэмжин туслах, тэдний бүтээлийг нийтийн хүртээл болгох талаар шамдан ажиллахын хамт шинэ уран бүтээл гаргая гэж бодсон. Тэнд “Говийн өндөр” романаа бичсэн юм. Мөн шүлэг найраглал ч нэлээдийг бичсэн. Тэр үед нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан үе, нэгдэлд оруулах гэж малаас авах албан татварыг нэмэгдүүлж, улсад тушаах махны үнийг бууруулсан зэрэг явдал нөлөөлсөн байх. Манайхны амьдрал нэг л хэвийн байдалтай байсан. Би хөдөө нутагтаа байнга очдог, уулзаж учиран хүмүүсийн тухай бичдэг байв.

1963 онд Монголын зохиолчдын 3 дугаар их хурал болж миний бие тус их хурал дээр ихэд магтагдан зохиолчдын хорооны дарга байсан Удвал гуай намайг татан авчирч зохиолчдын хорооны үргэлжилсэн үгийн эрхлэгчээр томилсон билээ.

 

Горькийн институтад анх очсноосоо 10 жилийн дараа буюу 1967 онд дээд курст нь сурахаар очиж 1969 онд төгсөж ирсэн юм. Ирээд зохиолчдын хороонд ажиллаж байтал Удвал дарга намайг Монгол кино үйлдвэрийн ерөнхий редактораар оч гэлээ. Тэгээд 1971 оноос 1979 он хүртэл Монгол кино үйлдвэрийн редактораар ажиллаж энэ хугацаанл гарсан монголын бүх уран сайхны кино миний гараар орсон билээ. Би Монгол кино үйлдвэрт байхдаа зүгээр байсангүй. Хэдий кино зохиолчийн мэргэжил ондоо байдаг ч миний хүчин зүтгэлийг бас энэ чигт ашиглаж гаргана гэж итгэсэн ч юм уу зүгээр байлгасангүй. Тэгээд “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” С.Эрдэнэтэй хамт, “Өндөр ээж”, “Их замын эхэнд” “Тэнгэрийн муухай арилдаггүй” “Саруул талын ерөөл” зэрэг арваад кино зохиол бичиж гаргасан. Үүнээс Эх бүрдийн домог кино Карл Варын кино наадмын тэргүүн шагнал, Нар хиртсэн жил кино Москвагийн олон улсын кино наадамд шүүгчдийн тусгай шагнал хүртсэн билээ.

 

bottom of page