Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч
Сормууниршийн Дашдооров
Тэнгэрийн муухай арилдаг кино зохиолын тухай өгүүлэх нь
Миний бие, эл зохиолын санааг аль эрт, Өндөр эжий туужийг бичиж байх үеэс бодож байсан юм. Гэхдээ, би өөрөө хээр тал, говийн тухай голцуу бичиж, тэдний амьдрал ахуй байдлыг сонирхох нь илүү байсны учир, хожуухан бичсэн. Нөгөөтэйгүүр, хүн хүнээ хайрлах, хүн хүндээ халуун сэтгэлээр хандах тухай ямар нэг хэмжээгээр дүрслэн үзүүлэх нь, хэрхэн яаж, ямар байдлаар, (хэдий зохиолчийн өөрийн эрх авч) үзүүлэх вэ гэдэг миний хувьд бас л сэтгэмж шаардагдаж байсан буй заа.
Хэрэв би, буруу санаагүй бол, уг саанаагаар 1970-аад оны үед нэгэн бяцхан өгүүллэг туурвисан нь “Цог” сэтгүүлд хэвлэгдсэн юм даг. Уг өгүүллэгийн нэр “Оддын дундах шинэ жил” нэртэйгээр нийтлэгдсэн бөгөөд оросоор эл нэрээр орчуулагдан Синие горы вдали гэсэн тууж өгүүллэгийн түүвэрт гарсан.
Зохиолчийн хувьд, өнөөгийн амьдрал, өөрөөр хэлбэл орчин үеийн амьдрал ахуй, хүн хүнтэйгээ харьцан буй байдал, хүний чин сайхан сэтгэл санааг дэлгэцнээ үзүүлье гэж нэгэн зуур санахдаа, тэр нэгэн цагийн санаагаа баяжуулан өгүүлье гэж бодсон юм. Энд, хэдийгээр нийтлэгдсэн өгүүллэгт санаа нь байвч дүрслэн өгүүлэхэд, тодруулан өгүүлэх зүйл их байлаа.
Монгол нутгийн, тэгэхдээ, хангай газрын нэгэн сангийн аж ахуйд ажиллахаар ирсэн, хүмүүсийн шинж төрх, сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, бие биесээ хүндэтгэх, найзархаг сэтгэл, амьдралыг ойлгох сэтгэлгээ, амьдралд хайртай, тэр чанараараа ажил үйлсдээ дуртай хүний дүрийг гаргая гэж санасан. Тэгээд, нэгэн цагийн алдаа ослоор хөдөлмөрийн лагерьт очсон Цагаанхүүгийн нугарч хугараагүй сайхан сэтгэл, хүнлэг чин санаандаа үнэнч чанарыг тодруулан өгүүлэхийн ялдамд, тэр хүний энэ шинж чанарыг тодруулахын учир “нутагархах” үзэл бүхий Жунайн тухай хэлэх ёстой байлаа. Үүний сацуу, амьдрал, хайр сэтгэлийн тухайд сэтгэж чаддаг авч, гартаа ч авч чадаагүй Лантуу, амьдралыг өөрийн уншсан ном, үзсэн хичээлээрээ ухаарч явдаг атугай ч, алсдаа яруу найрагч болно гэсэн чин санаандаа хөтлөгдсөн, хүмүүсийн дунд орж, амьдрал үзэх, ажил үйлсийн далайцыг бие сэтгэлээрээ ойлгож мэдэх гэсэн Элбэгсүрэн нарын дүр төрхийг гаргах шаардлагатай байлаа. Энэ өөр өөрийн хүсэл эрмэлзэлтэй, өөр өөрийн амьдралд хандах сэтгэлгээтэй хүмүүс, нэгэн дор аж төрөн ажил хийх зуураа бие биесээ ойлгож, бие биесийнхээ мөн чанар, байр суурь, бодол санаа, ажил үйлсэд хандах хандлага, хайр сэтгэлээ харилцан ухааралцаж, бие биесээ ойлголцон хүндэтгэн байгааг бүрслэн харуулахыг хичээсэн билээ. Монгол хүн, аян зам алсын харгуйд хүний чанар танигддаг гэж ярих дуртай байдаг бөгөөд эл үг үнэхээр амьдралд, хар цагаанаараа тодрон байсан нь маргаангүй. Янз бүрийн ахуйд өсч төрсөн, нас амьдралын хувьд өөр өөрийн эдэлж өнгөрөөсөн замтай хэдэн хүний хувь заяаг үзүүлэхийг санасан юм. Миний эл, санаа бодлыг киноны хэллэг, дүр дүрслэл, найруулга зүй бүхнээр баяжуулан харуулсан, кино уран бүтээлчдэдээ талархалтайгаар хандаж яриагаа өгүүлэхэд илүүдэхгүй буй за.
С.Дашдооров